Холливудын домогт жүжигчин Антонио Бандерас Холливуд дахь тансаг амьдралаасаа татгалзаж, Европт суурьшаад бараг арав гаруй жил болж байна. Энэхүү эрс шийдвэрийн гол шалтгаан нь түүний эрүүл мэндийн байдал буюу зүрхний шигдээс байсан бөгөөд энэ нь түүнийг амьдралын үнэт зүйлсээ эргэн харахад хүргэжээ. Өдгөө 65 настай жүжигчний хэлснээр, 2017 онд тохиолдсон зүрхний шигдээс нь түүний хувьд маш том “сэрүүлэг” болсон талаар Page Six хэвлэл мэдээллээ.
“Миний зүрхний шигдээс бол маш ноцтой сануулга байсан. Энэ үйл явдал миний амьдралыг үзэх үзлийг бүрмөсөн өөрчилсөн” гэж Бандерас хуваалцжээ.
Үүний дараа жүжигчин АНУ болон Их Британийн хооронд ирж очиж амьдардаг байснаа больж, хувийн онгоцоо зарж, тамхинаас гарч, төрөлх Испанийн Малага хотдоо эргэн ирсэн байна. Тэнд тэрээр өөрийн гэсэн театр байгуулахад хөрөнгө оруулсан бөгөөд энэ нь одоо түүний амьдралын гол утга учир болжээ. Бандерас төрөлх нутагтаа ирснээр жинхэнэ байх ёстой газраа олсон мэт мэдрэмж төрснөө хүлээн зөвшөөрсөн юм.

“Үхэлтэй нүүр тулахдаа би өнгөрснөө эргэн харж, өөрийгөө үнэндээ театрын жүжигчин юм байна гэдгээ ойлгосон” гэж тэрээр тайлбарлав.
Өнөөдөр алдарт од өөрийн хамтрагч Николь Кимпелтэй хамт амар амгалан амьдарч, төрөлх хотдоо бүтээл туурвил, бизнесээ эрхэлж байна. Тэрээр “өмнө нь хэзээ ч ийм аз жаргалтай байгаагүй” гэдгээ нэмж хэлжээ.