Нийслэлийн зүгээс хууль бусаар алдагдсан өмч хөрөнгөө буцаан авах ажиллагааг сүүлийн жилүүдэд шат дараатай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажил 2026 онд ч үргэлжилж байна. 2024-2025 оны хугацаанд нийслэлийн өмчөөс алдагдсан 15 барилга, байгууламжийг эргүүлэн авч, ашиглалтыг нь сайжруулах бодит үр дүнд хүрчээ.
Энэ ажлын үр нөлөө төсвийн орлогод ч мэдэгдэхүйц нөлөөлсөн байна. Тодруулбал, нийслэлийн Өмчийн харилцааны газар 2024 онд нийслэлийн төсөвт 7 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 18 тэрбум төгрөгт хүрч өссөн байна.
Энэ онд “Өглөөний гудамж”-д байрлах “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид албан ёсоор буцаан авсан нь онцлох шийдвэр боллоо. Тус объектыг нийслэлд шилжүүлэх шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч бодит хэрэгжилт нь удааширсаар ирсэн байна.
Харин 2025 оны аравдугаар сард хотын дарга Х.Нямбаатар “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авна гэдгээ мэдэгдэж, үүний дагуу 2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр холбогдох шаардлагыг хүргүүлжээ. Үүний дараа өмчлөлийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн байна.
Өчигдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Х.Нямбаатар энэ асуудлаар мэдээлэл өгч, нийслэлийн алдагдсан өмчүүдийг буцаан авах ажил үндсэндээ цэгцэрч байгааг онцолсон. Мөн “Өргөө” зочид буудлын эцсийн өмчлөгчөөр НИТХ бүртгэгдсэнийг албан ёсоор дурдсан байна.
Цаашид нийслэл өмчөө эргүүлэн авах ажлаа үргэлжлүүлэх бөгөөд дараагийн шатанд Соёлын төв өргөөний нэг блокийг нийслэлийн өмчид буцаан авах талаар ажиллахаа Хотын дарга мэдэгдлээ.