Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 2025 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ олон нийтэд танилцууллаа. “РБК-Украина” агентлагийн мэдээлснээр, төрийн тэргүүний мэдүүлэгт түүний гэр бүлийн нийт орлого 15 сая 805 мянга 828 гривен (ойролцоогоор 360,000 ам.доллар) гэж тусгагджээ.
Үүний 8 сая 364 мянга 921 гривен (ойролцоогоор 190,555 ам.доллар) нь Украины дотоодын улсын зээлийн бонд (ОВГЗ)-ын эргэн төлөлтөөс бүрдсэн байна.
Мэдүүлгээс үзвэл, Зеленскийн гэр бүлийн 2025 оны орлого голчлон цалин, банкны хадгаламжийн хүү болон үл хөдлөх хөрөнгө түрээслүүлсний төлбөрөөс бүрджээ. Төрийн тэргүүний гэр бүл бондын орлогыг хасвал жилийн турш нийт 7 сая 440 мянга 907 гривений (ойролцоогоор 169,505 ам.доллар) орлого олсон байна.
Украины Ерөнхийлөгчийн жилийн үндсэн цалин 336,000 гривен (ойролцоогоор 7,655 ам.доллар) байсан бөгөөд тэрээр сар бүр 28,000 гривен (ойролцоогоор 638 ам.доллар) авдаг байжээ.
2025 оны эцсийн байдлаар тус гэр бүлийн бэлэн мөнгөний үлдэгдэл өмнөх үеийнхтэй харьцуулахад төдийлөн өөрчлөгдөөгүй байна. Мөн тайлант хугацаанд төрийн тэргүүний гэр бүлийн эзэмшилд байдаг үл хөдлөх хөрөнгө болон тээврийн хэрэгслийн жагсаалтад томоохон өөрчлөлт ороогүй болохыг мэдүүлэгт дурджээ.
Сануулахад, 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр Володимир Зеленскийн гэр бүлийн орлого 15.2 сая гаруй гривен (ойролцоогоор 346,260 ам.доллар) байсан юм. Үүний дийлэнх хэсэг буюу 8.5 сая гривенийг (ойролцоогоор 193,630 ам.доллар) улсын зээлийн бондын орлого эзэлж байв. Бусад орлого нь ерөнхийлөгчийн цалин, банкны хүү, түрээсийн төлбөрөөс бүрдэж байсан юм.
Тухайн үед Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн албанаас 2023 онтой харьцуулахад орлого өссөн нь түрээсийн төлбөрүүд эргэн төлөгдөж эхэлсэнтэй холбоотой болохыг тайлбарлаж байсан билээ.