23 метрийн гүнээс “Зил 131”-ийг гарган авчээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Зил 131

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын VI баг, Хатгал тосгоны Тойлогтын үзүүр орчимд өнгөрөгч нэгдүгээр сарын 11-нд мөсөнд цөмөрч живсэн “Зил 131” загварын автомашиныг нуураас амжилттай татан гаргалаа. Уг ажиллагаанд Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид болон ар гэрийн хүмүүс оролцож, нийт 23 хүн жижиг оврын экскаваторын хамт ажилласан байна.

Живсэн автомашин Хөвсгөл нуурын 23 метрийн гүнд байжээ. Аврах, татан гаргах ажиллагааны хүрээнд 10м урттай, 3.5м өргөнтэй мөсийг гудамлаж, эргээс 90 метрийн зайнаас автомашиныг татан гарган эзэмшигчид нь хүлээлгэн өгсөн байна.

Энэ ажиллагаа анхнаасаа өндөр эрсдэлтэй нөхцөлд явагдахаар байсан тул түр хойшлогдож байжээ. Тухайн үед осол болсон хэсэгт хар, цагаан хил ээлжилсэн, мөс хэсэг хэсгээрээ бутарч суларсан, мөсний зузаан ердөө 30-40 см байсан байна. Мөн орзон ихтэй, өөрөөр хэлбэл 1м-1.5м өндөртэй овойж ёрдойсон мөс үүссэн байснаас татах техник ойртон очих боломжгүй нөхцөл бүрджээ.

23 метрийн гүнээс “Зил 131”-ийг гарган авчээ

Нэмж хэлбэл автомашин хамраараа доош харсан байрлалтай, 10 куб хуурай түлээ ачиж явсан бөгөөд түлээний арын хэсэг мөсөнд хавчуулагдсан байдалтай байсан аж. Хар хил гэнэт хөдлөх эрсдэлтэй байсан учраас автомашин бүрэн живэх аюул ч байжээ.

Хөвсгөл аймагт он гарсаар мөс цөмөрсөн 10 удаагийн дуудлага бүртгэгдэж, үүний улмаас 6 иргэн амь насаа алдсан байна. Иймээс Онцгой байдлын байгууллагаас урин дулааны улирал эхэлж буйтай холбоотойгоор нуур, голын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхаарууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй