Америкийн алдарт дуучин Тейлор Свифт 2025 онд гаргасан “The Life of a Showgirl” цомгийнхоо нэрнээс болж шүүхийн маргаанд орооцолдоод байна. Лас-Вегасын уран бүтээлч Марен Уэйд дуучны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг цомгийн нэрийг өөрийн “Confessions of a Showgirl” төсөлтэй хэтэрхий төстэй байна гэж үзжээ.
The Hollywood Reporter хэвлэлийн мэдээлснээр, Уэйд уг брэнд нэрийг 10 гаруй жилийн турш ашиглаж байгаа бөгөөд 2015 онд албан ёсоор барааны тэмдэг болгон бүртгүүлсэн байна. Тэрээр Тейлор Свифтийн шинэ цомог түүний олон жил бүтээн босгосон төслийн танигдах байдлыг эрс бууруулж, нэр хүндэд нь халдаж байна гэж гомдолложээ.
Марен Уэйдийн хэлснээр, Свифтийн баг “Life of a Showgirl” нэрийг барааны тэмдэг болгон бүртгүүлэхээр өмнө нь оролдсон боловч АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар (USPTO) татгалзсан хариу өгч байжээ. Тухайн үед тус байгууллагаас Уэйдийн брэндтэй андуурагдах эрсдэлтэй гэж үзсэн боловч Свифт цомгоо уг нэрээр хэвлүүлэн гаргасан байна. Одоо Уэйд нөхөн төлбөр шаардаж, цомгийн нэрийг ашиглахыг хориглохыг шаардаж байгаа юм.
Тейлор Свифт өөрийн дуунуудын эх бичлэгийг (masters) эзэмших эрхийн төлөө 2019 оноос хойш тэмцэж ирсэн бөгөөд 2025 онд л хөгжмийн өвөө бүрэн хяналтдаа эргүүлэн авч чадсан билээ.