United Airlines эконом ангилалд хэвтээ суудал нэвтрүүлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
United Airlines

“United Airlines” агаарын тээврийн компани эконом ангиллын зорчигчдод зориулсан “Relax Row” хэмээх шинэ үйлчилгээгээ 2027 оноос эхлэн нэвтрүүлэхээр болсноо зарлалаа. Энэхүү үйлчилгээ нь бизнес эсвэл нэгдүгээр ангиллын тийз авалгүйгээр эконом ангилалд бүтэн хэвтэж амрах боломжийг олгох юм.

Шинэ форматын хүрээнд зорчигчид эконом ангиллын зэрэгцээ гурван суудлыг багцаар нь худалдаж авах боломжтой. Суудал бүр дээш өргөгддөг хөлийн түшлэгтэй байх бөгөөд түүнийг ашиглан амрахад зориулагдсан тэгш гадаргуу үүсгэх аж. Үүнээс гадна зорчигчдод матрас, хөнжил, хоёр дэр олгох бөгөөд хүүхэдтэй зорчиж буй гэр бүлүүдэд зөөлөн тоглоом бэлэглэхээр төлөвлөжээ.

“Relax Row” үйлчилгээг ганцаараа, хосоороо эсвэл гурван хүнтэй гэр бүлээрээ ашиглах боломжтой бөгөөд нэг агаарын хөлөгт ийм 12 хүртэлх эгнээ гаргахаар төлөвлөж байна. Энэхүү шийдэл нь бизнес ангиллын өндөр үнэтэй тийз авахыг хүсэхгүй байгаа ч урт замыг илүү тухтай туулахын тулд нэмэлт төлбөр төлөхөд бэлэн зорчигчдод чиглэсэн байна.

“United Airlines” 2030 он гэхэд Boeing 787 болон 777 загварын 200 гаруй агаарын хөлөгтөө энэхүү унтлагын суудлыг нэвтрүүлэх зорилт тавьжээ.

Ташрамд дурдахад, ийм төрлийн форматыг анхлан нэвтрүүлсэн нь “United Airlines” биш юм. “Air New Zealand” компани 2011 онд эконом ангиллыг унтлагын суудал болгон хувиргадаг “Skycouch” үйлчилгээгээ нэвтрүүлж байсан билээ. Тус үйлчилгээ нь Boeing 777-300ER болон 787-9 загварын онгоцнуудад байдаг бөгөөд хэвтээ байрлалд ч хамгаалалтын бүсээ зүүх боломжтой тусгай бүс, ор дэрний хэрэглэлээр хангадаг.

Харин Европт “Lufthansa” компани 11-ээс дээш цагийн нислэгүүддээ “Sleeper’s Row” үйлчилгээг санал болгодог. Гэхдээ “Lufthansa”-гийн хувьд зорчигчдод матрас өгдөг ч суудлын талбайг тэлдэг хөлийн түшлэг байдаггүйгээрээ онцлогтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй