Америкийн Нэгдсэн Улсын Флорида муж дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс 32 давхар барилгатай дүйцэхүйц өндөр хүчирхэг пуужин амжилттай хөөрлөө. Энэхүү түүхэн мөчийг гэрчлэхээр Флоридагийн эрэгт олон арван мянган хүн цугларсан бөгөөд “NASA”-гийн “Artemis II” хөтөлбөр ийнхүү албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Уг нислэг нь хэд хэдэн техникийн саатлын улмаас удаа дараа хойшлогдсоны эцэст ийнхүү гараанаас гарч байгаа юм. Нийт 10 орчим хоног үргэлжлэх энэхүү аялалд дөрвөн сансрын нисэгч оролцож байна:
- Рийд Уайзмэн (АНУ)
- Виктор Гловер (АНУ)
- Кристина Кок (АНУ)
- Жереми Хансен (Канад)
Энэ удаагийн баг бүрэлдэхүүн хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд шинэ хуудас нээж буйгаараа онцлогтой. Учир нь сарны аялалд анх удаа эмэгтэй нисэгч, өнгөт арьстан болон Америк бус (Канад) иргэн багтжээ. Тэд саран дээр шууд буухгүй ч сарыг тойрон нисэж, ирээдүйн судалгаанд нэн шаардлагатай техникийн болон орчны мэдээллийг цуглуулах үүрэгтэй.
Хэрэв “Artemis II” аялал төлөвлөгөөний дагуу амжилттай болбол хүн төрөлхтөн дэлхийгээс хамгийн хол зайд хүрсэн түүхэн амжилт тогтоох юм. Мэргэжилтнүүд энэхүү хөтөлбөрийг саран дээр байнгын суурин байгуулах, цаашлаад Ангараг гарагт хүрэх замналын хамгийн чухал бэлтгэл шат гэж үзэж байна. Одоогийн байдлаар улс орнуудаас гадна хувийн хэвшлийн томоохон компаниуд ч сансрын энэхүү өрсөлдөөнд идэвхтэй оролцож эхлээд байгаа билээ.