Өмнөд Солонгосын оршин суугч жоом барих гэж байгаад байрандаа гал алдаж, улмаар дөрвөн жилийн хорих ял сонсжээ. Энэ талаар “Yna.co” хэвлэл мэдээллээ.
Хэрэг явдал Осан хотод болсон байна. Тус хотын таван давхар сууцны оршин суугч, 30 настай эр хог дундаас жоом олж хараад, гал гаргагч шүршигч ашиглан шатаахыг оролджээ. Гэвч гал авалцах үед хуванцар сав, гялгар уут болон хана, тааз руу дамжин хүчтэй түймэр гарсан байна.
Гал алдсан эр хөршүүддээ анхааруулалгүйгээр хаалгаа нээлттэй орхин гадагш гүйж гарчээ. Утаанд боогдсон оршин суугчдын нэг нь аврагдахын тулд цонхны гаднах агааржуулагч дээр гарахыг оролдох үедээ 14 метрийн өндрөөс унаж амиа алдсан байна. Мөн өөр нэг иргэн утаанд хордож гэмтжээ.