Оросын нэгэн блогер бүсгүй Энэтхэгт зураг авалт хийх үеэрээ зааныг ягаан өнгөөр будсан бөгөөд үүнээс хэдхэн хоногийн дараа тухайн амьтан үхсэн харамсалтай хэрэг гарчээ.
Бүсгүй гэрэл зургаа илүү өвөрмөц, содон болгохын тулд зааныг ягаан өнгөөр будсан бөгөөд ингэхдээ хүнсний будаг ашигласан тул амьтны биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй хэмээн тайлбарлаж байжээ. Гэвч зураг авалтаас хэд хоногийн дараа заан үхсэн байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, заан 65 гаруй настай байсан тул хөгшрөлтийн улмаас үхсэн байх магадлал өндөр байгаа аж. Гэсэн хэдий ч олон нийтийн зүгээс амьтныг будах явцад үүссэн хүчтэй стресс үхлийн шалтгаан болсон байж болзошгүй гэж үзэж байна. Мөн хүнсний будагт амьтны биед хортой пигмент агуулагдаж байсан байхыг үгүйсгэхгүй байгаа юм.
Одоогоор иргэд болон амьтны эрхийг хамгаалагчид Орос блогерт хариуцлага тооцохыг шаардаж эхлээд байна.
