Хятадын төрийн өмчит “China Datang” эрчим хүчний компанийн ерөнхий захирал асан Коу Вэйг онц их хэмжээний хахууль авсан хэргээр хоёр жилийн түдгэлзэх хугацаатай цаазаар авах ялаар шийтгэсэн байна.
Энэ тухай Хятадын Төв телевиз (CCTV) мэдээлэв. Мэдээлэлд дурдсанаар, топ менежерийн авсан хууль бус хахуулийн нийт хэмжээ 154 сая юань буюу тус улсын Төв банкны одоогийн ханшаар 22 сая гаруй ам.долларт хүрчээ. Мөрдөн байцаалтын явцад Коу Вэй албан тушаалаа ашиг хонжоо олох зорилгоор системтэйгээр урвуулан ашиглаж байсныг тогтоосон байна.
Шүүхийн шийдвэрээр тэрээр улс төрийн эрхээ бүх насаараа хасуулж, хувийн бүх хөрөнгөө улсын орлого болгон хураалгахаар болжээ.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч гэм буруугаа бүрэн хүлээж, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буйгаа илэрхийлснийг харгалзан үзсэн байна. Мөн Коу Вэй мөрдөн байцаалтын ажилд идэвхтэй хамтран ажилласан тул түүнд оноосон цаазаар авах ялыг хоёр жилийн хугацаатай хойшлуулах буюу хөнгөрүүлсэн шийдвэр гаргажээ.