Мөхөөлдөснөөс болж эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэйд 14 сая ам.доллар олгохоор шийдвэрлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Бренди Бакли

АНУ-ын оршин суугч Бренди Бакли мөхөөлдөс идэж байхдаа металл биет залгисны улмаас эрүүл мэндээрээ ноцтой хохирч, үр хүүхэдтэй болох боломжгүй болсон тул 14 сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болжээ. Энэ талаар LADbible хэвлэл мэдээллээ.

Хэрэг явдал 2018 оны есдүгээр сард Флорида мужийн Палм-Бей хотод болсон байна. Тухайн үед бүсгүй орон нутгийн нэгэн газраас мөхөөлдөс худалдаж авчээ. Хэд хэд хазсаны дараа түүний аманд хатуу зүйл мэдрэгдсэн бөгөөд удалгүй төмөр хадаас залгиснаа мэдсэн байна.

Эмнэлэгт хандсаны дараа шинжилгээгээр түүний биед металл биет болон бусад хэлтэрхийнүүд байгаа нь тогтоогджээ. Хоол боловсруулах системд орсон эдгээр биетүүд хүндрэл үүсгэсэн тул бүсгүй мэс засалд орохоос өөр аргагүйд хүрсэн байна.

Үүний улмаас түүний биеийн байдал эрс муудаж, цусны бүлэгнэл үүссэнээс үүдэлтэй хүндрэл нь яваандаа нөхөн үржихүйн чадвараа алдахад хүргэжээ. Баклигийн хэлснээр, энэ явдал түүний хувьд маш хүнд цохилт болсон байна. Учир нь тэрээр олон хүүхэдтэй болохоор төлөвлөж байсан аж. Энгийн нэг хүнсний бүтээгдэхүүн дотроос ийм аюултай зүйл гарч ирнэ гэж төсөөлөөгүй байснаа тэрээр онцолжээ.

Бүсгүй “Malabar Creameries” үйлдвэрлэгч болон мөхөөлдөс худалдаж авсан газраа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавиагүй хэмээн шүүхэд өгсөн байна. Бревард тойргийн шүүгчид нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргаж, учруулсан хохирлын хэмжээг харгалзан эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэв.

Баклигийн өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг шударга болсон гэж үзэж байгаа бөгөөд энэхүү нөхөн төлбөр нь бүсгүйн амьдралд учирсан нөхөж баршгүй хохиролтой дүйцнэ хэмээн мэдэгджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй