АНУ-ын Маршалын алба (Хууль зүйн яамны харьяа хууль сахиулах агентлаг) тэрбумтан Илон Маскийн хамгаалалтын ажилтнуудад онцгой давуу эрх олгож, холбооны төлөөлөгчийн статус авахад тавигддаг туршлага, бэлтгэлийн стандарт шаардлагуудыг алгасахыг зөвшөөрсөн байна. Энэ тухай NBC News суваг албаны цахим захидлуудаас иш татан мэдээллээ.
Захидлын харилцаанаас үзвэл, тус газрын удирдлага 2025 оны хоёрдугаар сард Цагаан ордноос ирүүлсэн хүсэлтийг дэмжиж, Маскийн бие хамгаалагчдыг холбооны төлөөлөгчөөр томилжээ. Ингэснээр тэд засгийн газрын зарим байгууллагуудад зэвсэгтэй нэвтрэх, Маскийн аюулгүй байдлыг саадгүй хангах эрхтэй болсон юм.
NBC News-ийн онцолж буйгаар тухайн үед АНУ-ын Засгийн газрын үр ашгийн департаментыг (DOGE — Department of Government Efficiency) удирдаж байсан Маскийн хамгаалагчид Маршалын албанаас хууль сахиулах байгууллагын туслах ажилтанд тавьдаг үндсэн шаардлагуудыг хангаагүй байжээ. Тодруулбал, зарим ажилтнуудад хууль сахиулах салбарт нэг жил ажилласан туршлага болон “үндсэн бэлтгэл хөтөлбөр”-т хамрагдсан баримт байхгүй байсан аж. Гэсэн хэдий ч тус газрын удирдлагууд Маскийн багт зориулж тусгайлан үл хамаарах журам тогтоож, томилгоог баталсан байна.