Японы “Tomato Soup” хэмээх уран бүтээлчийн туурвисан, түүхэн сэдэвт “A Witch’s Life in Mongol” манга цувралаас сэдэвлэсэн хүүхэлдэйн кино ирэх долдугаар сард үзэгчдийн хүртээл болохоор болжээ. Уг бүтээлийг телевизийн цуврал болгон хөрвүүлэх төлөвлөгөөг өнгөрсөн онд зарлаж байсан бол ийнхүү дэлгэцэнд гарах хугацаа нь тодорхой болоод байна. Түүхэн бодит хүний амьдралыг уран сайхны аргаар баяжуулсан энэхүү бүтээл нь Японы уншигчдын дунд хэдийнэ өндөр үнэлгээ аваад байгаа юм.
Зохиолын үйл явдал 13 дугаар зууны үеийн бодит түүх, тэр дундаа Өгэдэй хааны зургаадугаар хатан Дөргөнэ төрийн эрхийг барьж байсан 1241-1246 оны хооронд өрнөдөг. Түүхч Ата малик Жувейнигийн тэмдэглэлд дурдагддаг перс гаралтай шивэгчин Фатимагийн амьдралыг энд Шитара (дүрийн нэр) хэмээх бүсгүйн дүрээр үзүүлдэг байна. Тэрбээр Ираны Тус хотоос Хархорумд боол болон ирж, улмаар өөрийн гэр бүлийг нь хүйс тэмтэрсэн монгол цэргүүдээс өшөө авахаар тэмцэж буй талаар өгүүлдэг.
Уг бүтээлийн амжилт болон анимэ цувралын талаарх зарим баримтууд:
- 2021 он: “A Witch’s Life in Mongol” манга цуврал анх гарч эхэлсэн.
- 2022 он: “Akita Shoten” хэвлэлийн компани уг бүтээлийг албан ёсоор хэвлэж эхлэв.
- 2023 он: Японы шилдэг манга цувралаар тодорч, олон улсын анхаарлыг татсан.
- 2025 оны 4-р сар: Манганы тав дахь бүлэг хэвлэгдэн гарсан.
- Кино баг: “Kyoto Animation”-ий Наоко Ямада болон “Science SARU”-гийн Абел Гонгора нар хамтран найруулж байна.
“Jaadugar: A Witch in Mongolia” нэртэйгээр үзэгчдэд хүрэх уг анимэ нь түүхэн үнэнийг уран сайхны аргаар, тэр дундаа “шулмын зан үйл” гэх сонирхолтой өнцгөөс харуулж буй юм. Түүхэн эх сурвалжуудад Фатимаг Дөргөнэ хатны ордонд боолын зах дээрээс ирсэн гэж тэмдэглэсэн байдаг бол уг цувралд түүний дотоод сэтгэл зүй болон өшөө авалтын замыг илүү тод дүрсэлжээ. Ийнхүү дэлхийн хэмжээний чадварлаг найруулагчдын гар дор бүтсэн Монголын эзэнт гүрний тухай шинэ бүтээл тун удахгүй олны хүртээл болох нь ээ.