Гэр бүлээ алдсан 90 настай Хятад эр 30 жилийн турш дугуйгаар аялж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Чжан Чжунъи

Хятадын 90 настай иргэн Жан Жунъи сүүлийн 30 шахам жилийн турш гурван дугуйттайгаа эх орноо хөндлөн гулд туулж байна. Гэр бүлийнхнээ бүгдийг нь алдсаны дараа тэрээр сэтгэлийнхээ уй гашууг мартаж, амар амгаланг олохын тулд ийнхүү аялахаар шийдсэн тухай South China Morning Post мэдээллээ.

Цор ганцаараа үлдсэн Жан 1990-ээд онд Хэнань мужийн төрөлх хотоосоо гарч, замын аянд гарчээ. Анх энгийн дугуйгаар аялж эхэлсэн бол сүүлдээ гурван дугуйт руу шилжиж, өнгөрсөн хугацаанд хэдэн мянган км замыг туулсан байна. Тэрээр өнгөрсөн үеийн гашуун дурсамжаа дахин сэргээхээс эмээж, төрсөн гэртээ харихаас үргэлж зайлсхийдэг байжээ.

“Би одоо өнгөрсөн бүхнээ тавьж явуулсан. Амьдралынхаа үлдсэн хугацааг зөвхөн аялж, байгалийн сайхныг мэдэрч өнгөрүүлэхийг хүсэж байна” гэж тэрээр ярьсан байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар өндөр настны ой санамж муудаж, заримдаа төрөлх хотынхоо хаягийг ч санахгүй байгаа гэнэ. Гэсэн хэдий ч тэрээр зам зуур таарах танихгүй хүмүүсийн тусламж, өгөөмөр сэтгэлд найдан замаа үргэлжлүүлсээр байна. Жан Жунъи бусдаас хоол хүнс, хувцас хунарын тусламж аваад зогсохгүй өөрөө ч бусдад туслахыг хичээдэг аж. Түүний хуучин гурван дугуйт дээр сураггүй алга болсон хүмүүсийн зураг, зарлалууд үргэлж хадаастай байдаг байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй