Э.Лхагва-Очир “Ори студиос” ХХК уран нугараачдын хөлсийг өгөөгүй гэж мэдэгдэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Э.Лхагва-Очир

Монголын мэргэжлийн уран нугаралтын холбооны дэд тэргүүн, “Акро Монголиа” компанийн үүсгэн байгуулагч, уран нугараач Э.Лхагва-Очир “Ори студиос” ХХК-тай холбоотой асуудлаар олон нийтэд хандлаа. Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан, тус компанитай байгуулсан гэрээний дагуу циркийн үзүүлбэрийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэсэн боловч өнөөдрийг хүртэл ажлын хөлсөө аваагүй байгааг мэдэгдсэн байна.

Түүний мэдээлснээр, “Акро Монголиа” компанийн уран бүтээлчид 2026 оны нэгдүгээр сард байгуулсан ажил гүйцэтгэлийн гэрээний дагуу үүргээ бүрэн биелүүлсэн ч нөгөө тал төлбөрийн үүргээ хэрэгжүүлээгүй аж. Иймээс энэ нөхцөл байдал нь зөвхөн байгууллагын хоорондын маргаан бус, уран бүтээлчдийн хөдөлмөрийн үнэлэмж, эрх ашигтай холбоотой асуудал болж байгаа юм.

Нээлттэй эх сурвалжид бүртгэгдсэн мэдээллээр “Ори студиос” ХХК 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Бат-Эрдэнийн нэр дээр шилжжээ. Мөн тус компанийн гүйцэтгэх захирлаар Д.Бат-Оюун 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр бүртгэгдсэн бол эцсийн өмчлөгчөөр иргэн Г.Бат-Эрдэнэ 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлсэн байна.

Дуу, дүрс бичлэг хийх, урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ори студиос” ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн нөхөр болохыг мөн дурджээ. Үүнтэй холбоотойгоор тус асуудал олон нийтийн анхаарлыг илүүтэй татаж эхэлсэн байна.

“Акро Монголиа” компанийн зүгээс:

  • гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн
  • ажил гүйцэтгэлийн төлбөрөө аваагүй
  • уран бүтээлчид, ажилтнууд хохирч байгаа
  • цаашид хуулийн хүрээнд арга хэмжээ авна гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй