Table of Contents
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны “Азийн хөгжлийн төлөв” тайланд дурдсанаар, Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.6%, 2026 онд 5.9% өсөх төлөвтэй байна.
Гадаад болон дотоод хүчин зүйлс эдийн засгийг дэмжинэ
2024 онд эдийн засгийн өсөлт бага зэрэг удааширсан ч цаашид өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байгаа нь уул уурхайн үйлдвэрлэл, тэр дундаа “Оюутолгой”-н зэсийн баяжмалын олборлолт нэмэгдсэнтэй шууд холбоотой гэж АХБ тодотгожээ. Мөн өмнөх жилд ихээхэн алдагдал хүлээсэн мал аж ахуй сэргэж эхэлсэн нь өсөлтөд эерэгээр нөлөөлөх төлөвтэй.
АХБ-ны ахлах эдийн засагч Эдуард Фейбер “Монгол Улс 2024 онд эдийн засгийн дархлаагаа харуулсан. Хөдөө аж ахуйн салбарын уналтыг уул уурхай болон үйлчилгээний өсөлт нөхөж чадсан. Уул уурхайн салбар цаашид ч гол хөшүүрэг байх болно” гэжээ.
Эрсдэл хэвээр үлдэнэ
Тус тайланд дурдсанаар, инфляци 2024 онд 9.1%-д хүрсэн нь төсвийн зардлын өсөлт болон эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотой. 2025 онд инфляци өндөр түвшинд хадгалагдах ч 2026 онд 7% орчимд буурна гэсэн хүлээлттэй байна.
Экспорт уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ өссөнөөр нэмэгдэнэ гэж үзсэн ч импорт ч мөн тоног төхөөрөмж, дэд бүтцийн төсөлтэй холбоотой худалдан авалтаар өсөх нь валютын ханшид дарамт үзүүлж болзошгүй гэж анхааруулжээ.
Гэсэн хэдий ч зэс, нүүрсний үнийн бууралт, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, цаг агаарын таагүй нөхцөлөөс үүдсэн хөдөө аж ахуйн сэргэлтийн саатал зэрэг нь эдийн засгийн төлөвийг сулруулж болзошгүй эрсдэлүүд хэвээр байгааг тайланд дурдсан байна.
АНУ-ын тарифын бодлого шууд нөлөөлөхгүй ч дам нөлөө байж болзошгүй
АХБ-ны тайланд “АНУ-ын тарифын шинэ бодлого Монголд шууд нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ Хятадын зах зээлд эрэлт буурах тохиолдолд Монголын эдийн засагт дам нөлөө үзүүлж болзошгүй” хэмээн онцолсон байна.