Table of Contents
Католик шашны тэргүүн, түүхэн дэх анхны Латин Америк гаралтай Пап — Францис 89 насандаа таалал төгссөн тухай Ватикан өнөөдөр өглөө /2025.04.21/ албан ёсоор зарлалаа.
Ватиканы кардинал Кевин Фаррелын мэдээлснээр:
“Эрхэм ахан дүүс минь, гүн эмгэнэлтэйгээр бидний ариун эцэг, Ромын хамба Францис өнөөдөр өглөө 7:35 цагт Эзэн тэнгэрийн оронд дэвшлээ” гэжээ.
12 жилийн папства
2013 оны 3-р сарын 13-нд Хорхе Марио Берголио нэртэйгээр Аргентины Буэнос-Айресаас сонгогдсон тэрээр “Францис” нэрийг авч, сүмийн хүнд хэцүү цаг үед энэхүү албыг хүлээж авсан.
Католик сүм дотоодын хүчтэй хагарал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн олон улсын шүүмжлэлтэй тулгарсан тэр цаг үед Францис шинэчлэлийн манлайлал, ил тод байдал, эгэл амьдралын жишээг харуулсан Пап болж, олон сая хүний хүндэтгэлийг хүлээсэн билээ.
Эрүүл мэнд ба сүүлчийн үе
Францис Пап олон жилийн турш архаг өвчнүүдээр шаналж байсан бөгөөд 2025 оны эхээр уушгины хатгалгааны улмаас таван долоо хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. Сүүлийн саруудад олон нийтийн арга хэмжээнээс татгалзаж, зөвхөн чухал илгээлтүүдээ төлөөлөгчдөөр дамжуулан хүргэж байв.
Сүүлчийн удаа тэрбээр Пасхын баяраар /2025.04.20/ богино хугацаанд Ватиканы Ариун Петрийн сүмийн балконоос гарч ирэн олон нийттэй мэндчилсэн боловч уламжлалт номлолыг кардинал Анджело Комастри түүнээс нэрийн өмнөөс уншсан юм.
Улс төрийн байр суурь
Францис Папын зарим мэдэгдэл шүүмжлэл дагуулж байсан. Тухайлбал, Украины дайны тухай “цагаан тугийг өргөх зоригтой байх хэрэгтэй” гэж хэлсэн нь 2024 оны гуравдугаар сард хүчтэй маргаан дэгдээж байв. Мөн тэрбээр Оросын сүмийн үйл ажиллагааг хориглосон Украины шийдвэрийг буруушааж, энхийн замыг ямагт илүүд үзэх байр суурь баримталж ирсэн.