Home Гадаад мэдээ Умард Солонгосын цэргүүд Оросын талд тулалдсаныг Москва, Пёньян анх удаа хүлээн зөвшөөрөв

Умард Солонгосын цэргүүд Оросын талд тулалдсаныг Москва, Пёньян анх удаа хүлээн зөвшөөрөв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ким Чен Ун

Өнөө өглөө Умард Солонгосын эрх баригчид өөрийн цэргийн хүчийг Оросын нутаг дэвсгэрт Украины зэвсэгт хүчнээс чөлөөлөх ажиллагаанд оролцуулсан тухай албан ёсны мэдэгдэл гаргалаа.

Солонгосын Мэдээний Төв Агентлаг мэдээлэхдээ, Курск мужид ялалт байгуулсан явдал нь хоёр улсын зэвсэгт хүчний найрамдлын харилцаа стратегийн дээд түвшинд хүрснийг нотоллоо гэж онцолсон байна.

Мөн өнгөрсөн Бямба гарагт Оросын эрх баригчид Курск мужийн нутаг дэвсгэрийг Украины цэргээс бүрэн чөлөөлснөө мэдэгдэхдээ Умард Солонгосын цэргүүдэд талархал илэрхийлсэн юм.

Энэ нь Умард Солонгосын цэргүүд Оросын талд байлдсаныг Москвагийн зүгээс анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрч буй анхны тохиолдол болж байна.

Гэсэн ч Украины эрх баригчид Курск мужид байрласан цэргүүдээ бүрэн татсан гэх мэдээллийг няцаасаар байгаа юм.

Мэдээлэлд дурдсанаар, Удирдагч Ким Жон Ун өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсны дагуу цэргийн хүч илгээх шийдвэр гаргасан байна гэж Хөдөлмөрчдийн Намын цэргийн зөвлөл мэдээлжээ.

“Төрийн тэргүүний өгсөн тушаалын дагуу манай улсын зэвсэгт хүчний салбар ангиуд ОХУ-ын нутаг дэвсгэрийг өөрсдийн нутаг мэт үзэн, хоёр орны бат бөх холбоог бататгалаа” гэж уг мэдэгдэлд дурдсан байна.

Ким Жон Ун гадаад оронд үүрэг гүйцэтгэсэн цэргүүдээ “Шударга үнэний төлөө эх орныхоо нэр төрийг мандуулсан баатрууд” хэмээн магтсаныг мөн эш татжээ.

Түүнчлэн Умард Солонгос “ОХУ шиг хүчирхэг улстай эвсэлд нэгдэх нь нэр төрийн хэрэг” болохыг онцолсон байна.

Украины талын тооцоолсноор, нийт 14,000 орчим Умард Солонгосын цэрэг Оросын армийн бүрэлдэхүүнд тулалдсан бөгөөд үүнээс 3,000 орчим нь анхны хохирлыг нөхөх зорилгоор дараах ээлжид илгээгдсэн байна.

Эхний үед Умард Солонгосын цэргүүд орчин үеийн дрон, хуягт машин зэрэг зэвсэглэлтэй тулалдах туршлага дутмаг байснаас нэлээд их хохирол амссан ч богино хугацаанд шинэ нөхцөл байдалд дасан зохицсон гэж үзэж байна.

Үүний өмнө Москва, Пёньян хоёр Умард Солонгосын цэргүүд Оросын нутаг дэвсгэрт байгаа тухай албан ёсны мэдэгдэл хийж байгаагүй юм.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.