ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярыг тохиолдуулан тавдугаар сарын 8-наас 10-ны хооронд Украины фронт дээр гурван хоногийн турш гал зогсоох шийдвэр гаргасныг Кремлиэс өчигдөр мэдэгдлээ. Москва Украины тал уг шийдвэрийг дагана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн бөгөөд хэрэв зөрчвөл зохих хариу арга хэмжээ авахаа анхааруулжээ.
Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ шийдвэрийг “хууран мэхлэх оролдлого” гэж үзэж, гал зогсоох нэрийн дор дайн сунжруулах гэсэн санаархал хэмээн тодорхойлов.
Өмнө нь Путин Улаан өндөгний баяраар ижил нэг талын 30 цагийн гал зогсоох зарлиг гаргасан ч хоёр тал харилцан зөрчил гаргасан гэж буруутгаж байв. Киев болон Европын удирдагчид тухайн гал зогсоолтыг Путиний “пиар” гэж шүүмжилсэн билээ.
Гал зогсоох шинэ шийдвэр нь Трампын засаг захиргаа Украины дайнтай холбоотой шийдвэрлэх долоо хоног гэж тодорхойлсон цаг үетэй давхцаж байгаа юм. Энэ хооронд Оросын арми Украины иргэдийн эсрэг агаараас цохилт өгсөөр байгаа бөгөөд хамгийн сүүлд Покровск хотын ойролцоо агаараас довтолсны улмаас гурван хүн амиа алдсан байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт ОХУ Курск мужийнхаа нутгийг Украины хяналтаас бүрэн чөлөөлснөө зарлажээ.