2024 оны өвөлжилт, хаваржилт хүндрэлтэй байсан тул УИХ-аас импортын гурил, улаанбуудай, малын тэжээлд ногдуулдаг гаалийн албан татварыг чөлөөлөх шийдвэрийг өмнө нь гаргасан. Үүний үр дүнд эдгээр бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэх боломж бүрдсэн билээ.
Харин өнөөдөр (2025.05.02) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, олонхын дэмжлэг авлаа. Иймд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлээд байна.
Хуулийн төсөл батлагдвал 2025 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн импортын гурил, улаанбуудай, малын тэжээлд 15 хувийн татвар дахин ногдуулж эхлэх юм. Энэ өөрчлөлт нь дотоодын гурилын үйлдвэрлэл, улаанбуудайн тариалалтыг дэмжих зорилготой болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээлсэн байна.
Үнэ өсөх эрсдэлтэй ч дотоодын нөөц хангалттай гэж үзэж байна
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд татвар нэмэгдсэнээр гурил, тэжээлийн үнэ өсөх эрсдэлтэйг онцлон ярьсан ч ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Одоогийн байдлаар дотоодын нөөц хангалттай. Мөн Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс үнэ зохицуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Ирэх ургац хураалт хүртэл үнэ тогтвортой байх боломжтой” гэж тайлбарлалаа.
Мөн татварыг тэглэснээр Монгол Улс зах зээлийнхээ 40 хувийг импортын гурилд алдсан бөгөөд энэ нь дотоодын тариалалтын 30 хувиар буурахад хүргэсэн гэж яамнаас мэдээлжээ.
Тариаланчид татварын хуулийн өөрчлөлтийг хүлээж байна
Импортын татварыг тэглэх шийдвэр нь тариаланчдад хүндрэл учруулсан бөгөөд олон үйлдвэрлэгчид хаврын тариалалтаа эхлүүлэхийн тулд шинэ хуулийн батлагдахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.
Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн татварыг энэ сарын 20-ноос хэрэгжүүлэх санал гаргасныг олонх дэмжсэн юм.
2 comments
Үнэ нь өндөр болчихсон, одоо татвараа буцаан олгож байна. Тариаланчид яаж амьд үлддэг вэ?
Энэ нь зах зээл дээр талх, махны үнэ өсөхгүй байх гэж найдаж байна