Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “Археологийн олдворт нуугдсан урлаг” нэртэй шинэ үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна. Энэхүү үзэсгэлэн нь Олон улсын музейн өдрийг тохиолдуулан зохион байгуулагдаж буй бөгөөд Монголын эртний нүүдэлчдийн түүх, урлаг соёлыг харуулсан 200 орчим археологийн олдворыг дэлгэн үзүүлж байгаа юм.
Үзэсгэлэнгийн үзмэрүүдийг цаг хугацааны хувьд ангилан тавьсан бөгөөд шинэ чулуун зэвсгийн үе, хүрэл, төмөр зэвсгийн үе, Хүннүгийн үе, эртний улсууд болон Монголын эзэнт гүрний түүхэн үеийн биет өвийг багтаасан байна. Хүннүгийн үеийн домгийн амьтны дүрст хүрэл чимэглэл, шавар ваар, мөнгөн хөөмөл, төмөр зэвсгийн үеийн модон аяга, бамбай, хазаарын тоног зэрэг олон хосгүй олдворууд дэлгэгдсэн байна. Мөн буган чулуун хөшөөний хэв хуулбарууд, эртний нэхмэл эдлэл, гоёл чимэглэлүүд ч онцгой анхаарал татаж байна.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн үзэсгэлэнгийн ач холбогдлыг тайлбарлахдаа, “Археологийн олдвор бол түүхийн биет гэрч. Тэдгээр дээрх дүрслэл, хийц нь тухайн үеийн оюун сэтгэлгээ, урлаг, гоо зүйн үзлийг илэрхийлдэг. Жишээлбэл, энэ үзэсгэлэнд байгаа хамгийн эртний үзмэрүүдийн нэг нь шинэ чулуун зэвсгийн буюу неолитын үеийн чулуун онго. Тухайлбал, Дорнод аймгийн Булган сумын Норовлин уул, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас олдсон хүний нүүр хэлбэртэй чулуун онго нь маш ховор, шинэхэн олдворт тооцогдож байна. Түүнийг бид сүсэг бишрэлийн зан үйлтэй холбож тайлбарлаж байгаа ч цаашид илүү нарийн судалгаа шаардлагатай” хэмээв.
“Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэн тавдугаар сарын 20-ныг дуустал үргэлжлэх бөгөөд түүх сонирхогч, урлагийн мэдрэмжтэй хэн бүхэнд зориулсан сонирхолтой арга хэмжээ болох нь дамжиггүй.