Table of Contents
Криптовалютын зах зээл эргэн идэвхжиж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй дижитал хөрөнгө болох биткойн энэ оны турш анх удаа 105,000 ам.долларын босгыг давлаа. Уг огцом өсөлт нь Binance платформын мэдээлэлд бүртгэгдсэн байна.
Москвагийн цагаар өглөөний 04:05-д биткойны ханш 0.34 хувиар өсч, 105,032 ам.долларт хүрсэн бол ердөө 14 минутын дараа ханш нь бага зэрэг буурч, 104,495 ам.доллар болжээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын 8-нд 100 мянган доллар давж байсан энэ криптовалют богино хугацаанд дахин дээд амжилт тогтоож байна.
Ханш өсөх болсон шалтгаанууд
Санхүүгийн шинжээчид биткойны үнийн өсөлтөд хэд хэдэн гол хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж байна. Юуны өмнө, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп криптовалютын хөгжлийг дэмжиж, АНУ-ыг дэлхийн крипто төв болгохоо ил тод мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээжээ.
Мөн SEC буюу Америкийн үнэт цаас, биржийн хорооны зүгээс зохицуулалтын шинэчлэл хийх төлөвтэй байгаа нь зах зээлийн хүлээлтийг нэмэгдүүлсэн байна. Үүний зэрэгцээ ам.долларт итгэх итгэл буурч, олон улсын худалдаанд үүссэн тодорхойгүй байдал нь мөн криптовалют руу хандах хандлагыг нэмэгдүүлжээ.
Нэмж дурдахад, бирж дээр бүртгэлтэй биткойны ETF сангуудад хөрөнгө оруулагчдын урсгал эрчимтэй нэмэгдэж байгаа нь институцийн төвшинд ч итгэл сэргэснийг харуулж байна.
Стратегийн нөөцөд биткойн багтана
Эдийн засгийн шинэ чиг хандлагыг илэрхийлж, 2025 оны гуравдугаар сарын 7-нд, Ерөнхийлөгч Трамп стратегийн криптовалютын нөөц бүрдүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан. Энэхүү нөөц нь биткойн, этереум зэрэг үнэлгээ өндөртэй криптовалютуудыг агуулж, улс орны санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилготой хэмээн мэдэгдсэн юм.
Биткойн — цахим алт уу?
Биткойн бол блокчейн технологид суурилсан төвлөрсөн бус цахим санхүүгийн систем бөгөөд хэрэглэгч бүр оролцон, шинэ блок үүсгэснээр “олборлогч” болж ашиг олох боломжтой. 2008 онд “Сатоши Накамото” гэх нууц нэртэй этгээд уг санааг анх дэвшүүлж, 2009 онд анхны биткойныг бий болгосноор дэлхийн криптовалютын түүх эхэлсэн билээ.
Биткойны нийт нийлүүлэлт хязгаарлагдмал буюу 21 сая ширхэг бөгөөд ихэнх нь аль хэдийн олборлогдсон тул түүний үнэ цэнэ хомсдлоос үүдэн өсөх хандлагатай байдаг. Энэ нь биткойныг “цахим алт” хэмээн нэрлэгдэх болсон гол шалтгаан юм.
2 comments
Биткойн дахиад өсөж байгаад гайхаж байна!
Энэ янзаараа байвал 150 мянгад хүрэх ч юм билүү?