Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээтэй холбоотой мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байна. Иргэдийн зүгээс түүний найз бүсгүйдээ хийсэн өндөр өртөгтэй худалдан авалт, үйлчилгээний төлбөрийн эх үүсвэр хаанаас гарч байгаа талаар тодорхой мэдээлэл шаардаж эхэлжээ.
Ерөнхий сайд бол олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн өндөр албан тушаалтан учраас гэр бүлийн гишүүдийн санхүүгийн байдал ил тод байх ёстой гэж иргэд үзэж байна. Ялангуяа насанд хүрсэн, хувийн бизнес эрхэлдэггүй, тогтмол орлогогүй 20 гаруйхан настай хүү нь хэрхэн өндөр өртөгтэй хэрэглээг санхүүжүүлж байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна.
Тодруулбал, олон нийтийн сүлжээнд түгсэн мэдээллүүдэд үндэслэвэл, Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн нь олон улсын өндөр зэрэглэлийн зочид буудалд буусан, үнэтэй брэнд хувцас, гоёл чимэглэл худалдан авсан, хувийн онгоцоор аялсан байж болзошгүй зураг, бичлэгүүд нийтлэгдсэн байна. Мөн найз бүсгүйдээ барьсан бэлэг, хосын аяллын зардал зэргийг харвал нийт дүнгээрээ хэдэн арван сая төгрөгийн зарлага гарсан байж болзошгүй гэж үзэж буй. Гэтэл түүний хувьд ямар нэгэн бизнес эрхэлдэггүй, тогтмол орлогогүй тул эдгээр зардлыг ямар эх үүсвэрээр санхүүжүүлсэн нь тодорхойгүй байгаа нь олон нийтийн зүгээс хардалт үүсгэх үндэслэл болж байна.
АТГ-ын мэдээллээс харахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 оноос хойш мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бараг өөрчлөлт оруулаагүй бөгөөд 2021 оноос хойш Ерөнхий сайдаар ажилласан хугацаанд гэр бүлийн орлого нь огт өсөөгүй байна. Үл хөдлөх хөрөнгөөс олсон бага зэргийн нэмэлт орлогыг эс тооцвол нийт орлого өмнөх жилүүдтэй ижил түвшинд хадгалагдаж байгаа ажээ.
Ийм нөхцөлд Ерөнхий сайдын хүүгийн хэрэглээтэй холбоотой хардлага нийгмийн сүлжээнд төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хүчтэй яригдаж байна. Иргэд гэр бүлийн орлогын эх үүсвэр болон хүүгийн зардал, хэрэглээг тодорхой болгохыг шаардаж буй нь хууль ёсны шаардлага гэж үзэж болохоор байна.