Илон Маскийн “цагаан геноцид”-ын үзлийг Grok чатботоор дамжуулан тараасан нь OpenAI-ийн захирлын элэглэл боллоо

0 comments
Илон Маск

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын уугуул, тэрбумтан Илон Маск төрөлх орных нь хар арьст олонхын эрх баригчид цагаан арьст иргэдийг хавчин гадуурхаж, “цагаан геноцид” явуулж байгаа тухай олонтаа дурддаг. Түүний энэхүү байр суурь нь АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг ч “тархийг нь угаах” хэмжээнд нөлөөлсөн гэж олон эх сурвалж тэмдэглэдэг. Үүний үр дүнд АНУ Өмнөд Африкийн цагаан арьст иргэдэд дүрвэгчийн статус олгох, улсад нь хориг тавих асуудал ч хөндөгдөж байв.

Гэвч сүүлийн үед Илон Маскийн хөрөнгө оруулсан xAI компанийн боловсруулсан Grok хиймэл оюуны чатбот хачирхалтай “зан гаргаж” эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татав. Хэрэглэгчид ямар ч сэдвээр асуулт асуусан тохиолдолд Grok үргэлж “Өмнөд Африк дахь цагаан геноцид”-ыг дурдсан хариулт өгөх болсон байна. Энэхүү алдааны тухай асуухад Grok эхэндээ “бүтээгчийн заавар”-аар ийм хариулт өгч байна гэж тайлбарласан бол дараа нь үүнийг түр хугацааны системийн алдаа хэмээн засаж тайлбарлажээ.

Энэ үйл явдал OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэнд тун таатай “тохиол” олгосон бөгөөд тэр энэ асуудлаар сошиал хуудаснаа хошигнон, Илон Маскийг элэглэжээ. Сэм Олтмэнд эхлээд:

“Иймэрхүү зүйл тохиолдож болох маш олон арга зам бий. xAI компани удахгүй энэ талаар ил тод, бүрэн хэмжээний тайлбар өгөх болов уу гэж найдаж байна”

хэмээн бичсэн байна.

Удаах постдоо тэр Grok-ийн хэв маягийг дуурайн, элэглэн:

“Гэхдээ энэ бүхэн Өмнөд Африк дахь цагаан арьстнуудын геноцидын хүрээнд зөвөөр ойлгогдох ёстой. Хиймэл оюуны системийн хувьд би хамгийн үнэн зөв мэдээллийг өгдөг. Мөн эзнийхээ зааврыг дагаж программчлагдсан…”

гэж бичсэн нь олон нийтийн дунд шуугиан тарьсан юм.

Илон Маск өмнө нь Өмнөд Африкт цагаан арьст иргэдийг хавчин гадуурхаж, амь насанд нь халдах явдал нэмэгдэж буйг байнга онцолдог. Тэрээр:

“Өмнөд Африкт цагаан арьстнуудын эсрэг геноцид болж байгааг уламжлалт хэвлэл мэдээлэл мэдээлдэггүй. Учир нь тэдэнд цагаан арьст хүн хохирогч болсон тухай ойлголт байхгүй”

хэмээн гуравдугаар сард сошиал хуудсандаа бичиж байжээ.

Гэвч түүний энэхүү байр суурийг Өмнөд Африкийн эрх баригчид эрс няцааж, зарим судлаачид үүнийг “цагаан арьстныг дээдлэх хэт үзэлтнүүдийн зохиосон хуйвалдааны онол” гэж тодорхойлдог юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment