Дэлхий нийтийг байлдан дагуулсан “Squid Game” цувралын гуравдугаар улирал тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ зун буюу 2025 оны зургадугаар сарын 27-нд шинэ ангиуд албан ёсоор цацагдах тов гарчээ. Уг улирал нь “Squid Game” цувралын төгсгөлийн бүлэг болох төлөвтэй байна.
Шинэ ангиудын албан ёсны постер аль хэдийн олны анхаарлыг татаж, сонирхол өдөөж байна. Постерын голд Ги Хун, Мёнки, Дэ Хо, Ён Шик, Гүм Жа, Симё нар эгнэж зогсох бөгөөд тэдний нүдэнд айдас, сонор сэрэмж тодхон харагдана. Эдгээр дүрүүд өмнөх улирлын эцсийн тоглоомоос амьд үлдсэн ч тэднийг шинэ, бүр ч илүү харгис сорил хүлээж байгаа бололтой.
Постерын арын хэсэгт хүүхдийн гар зураг шиг будсан ханан дээр оддын дүрслэлтэй шинэ тоглоомын талбай харагдах бөгөөд энэ нь “Squid Game”-ийн гол онцлогийг дахин сануулж буй хэрэг. Хүүхэд насны гэм зэмгүй, гэнэн цайлган дүр төрх бүхий орчин дунд хамгийн хэрцгий, амийг эрсдэлд оруулсан тоглоом өрнөдөг нь уг цувралын өвөрмөц хэв маяг билээ.