Сэлэнгэ аймгийн ойд сүүлийн үед хөнөөлт шавж олноороо тархсан нь ой модыг сүйтгэх ноцтой эрсдэлийг бий болгож байна. Үүнийг таслан зогсоох зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр устгалын ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд ой хамгаалах ажил тус аймгийн хэд хэдэн суманд идэвхтэй өрнөж байна.
“Хатан форест” ХХК Алтанбулаг, Түшиг, Цагааннуур сумдын ойд хөнөөлт шавж устгах ажлыг хийж байгаа бол “Ойн таксаци” ХХК Зүүнбүрэн, Сант, Шаамар сумдад ижил чиглэлийн ажил гүйцэтгэж байна. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар тухайн орон нутгийн иргэдэд хандан ойд зугаалах, ургамал түүх, мал, зөгий бэлчээх зэргийг түр хугацаанд зогсоохыг анхааруулсан мэдэгдэл гаргалаа.
Хөнөөлт шавжийн тархалт нь Сэлэнгэ аймгийн ойжуулалтын бодлогод сөргөөр нөлөөлж болзошгүй тул хамгаалалтын арга хэмжээг онцгойлон авч үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг 20 сая мод тарих зорилтыг дэвшүүлж, энэ амлалтаа давуулан биелүүлсэн анхны аймаг болсон билээ.
Тодруулбал, тус аймаг 2021 оноос 2024 он хүртэл нийт 8695.1 га талбайд ойжуулалт хийж, дараах хэмжээний мод тарьжээ. 2021 онд 1464 га-д 600 мянган ширхэг мод, 2022 онд 1473 га-д 1 сая мод, 2023 онд 1376.5 га-д 9.4 сая мод, харин 2024 онд 4381.6 га-д 11.4 сая мод тус тус тарьсан байна.
Одоогийн нөхцөл байдал нь зөвхөн шинээр тарьж буй модыг бус, өмнө нь ургуулсан ойг ч хамгаалах шаардлага зүй ёсоор тулгарч байгааг албаны эх сурвалжууд онцолж байна.
