Зуны урин цаг ирмэгц монголчуудын дотоодын аялал жуулчлал эрчимжиж, байгалийн үзэсгэлэнт газруудад амрах хөдөлгөөн эрс нэмэгддэг. Гэвч байгальд хайртай гэх ойлголт зарим хүний хувьд зөвхөн үг төдий зүйл болж, очсон газрынхаа экосистемийг бохирдуулах байдал газар авсаар байна. Харамсалтай нь аялал нэрийн доор хог үлдээж, хаа хамаагүй бие засч, дураар аашлах хандлага түгээмэл болсон нь нэгэнт үгүйсгэх аргагүй үнэн болжээ.
Амрагчдын дунд эелдэг, соёлтой аялж, хогоо ууталдаг хүмүүс бий ч, нөгөө талд нь ваннын алчуураар гутлаа арчдаг, 00 байх атал гадна бие засдаг, хогийн савны оронд газарт хаядаг, замын хажууд хоол хүнсээ асгаж, архидан согтуурч, зодоон үүсгэдэг тохиолдлууд улам бүр нэмэгдэж буйг бодит баримт гэрчилнэ. Ийм бүдүүлэг хандлага зөвхөн хувь хүний бус, нийгмийн ухамсрын илэрхийлэл юм.
Аялал жуулчлалын салбарынхны мэдээлснээр, зуны улирлын дараа хөдөө орон нутаг, хот орчмын аяллын бүсүүд хогонд дарагддаг. Судалгаагаар, Алтайн таван богд руу аялсан нэг жуулчнаас дунджаар 521 грамм хог гардаг бөгөөд үүнийг нийт аялагчдын тоотой харьцуулвал “хогон далай” үүсэх хэмжээнд хүрдэг гэж мэргэжилтнүүд анхааруулдаг. Улаанбаатар аялал жуулчлалын холбооны судлаач, “Отгонтэнгэр” их сургуулийн багш Б.Ербахыт “Жуулчны нэг өдрийн хаягдалд лааз, шил 76 гр, хоол хүнсний хаягдал 120 гр тус тус багтдаг. Зөвхөн Баян-Өлгий аймагт аялсан жуулчдаас 110-140 хогны машинтай тэнцэх хаягдал гарсан нь ийм байдал улс даяар ямар хэмжээнд хүрч байгааг харуулж байна” хэмээн хэлсэн байдаг.
Жил бүр үндэсний их баяр наадмын дараах амралтаар дотоодын аялал оргил үедээ хүрдэг бөгөөд энэ жил 1-1.2 сая хүн орон нутгаар аялна гэсэн тооцоо бий. Найман өдрийн амралтын хугацаанд нийслэлээс 200-300 мянган автомашин гарна гэсэн судалгаа ч гарсан. Энэ нь зөвхөн замын ачаалал бус, байгаль орчны аюулгүй байдал, хүнсний эрүүл ахуйн асуудал, осол гэмтлийн эрсдэлийг дагуулж болох тул аялагч бүрээс ухамсартай, хариуцлагатай хандлага шаардагдаж байна.
Тиймээс холын замд гарахдаа зөв зохион байгуулалттай, эмийн сан, хоол хүнсээ бэлтгэсэн, байгаль орчноо бохирдуулахгүй аяллыг сонгох нь зөвхөн өөрийнхөө бус, ирээдүйнхээ өмнө хүлээх үүрэг гэдгийг ойлгох цаг болжээ. Байгаль эх бол бидний гэр, харин гэрээ хогийн сав мэт ханддаг хүн хэзээ ч соёлтой аялагч байж чадахгүй.