Пүрэв гарагт Энэтхэгийн Ахмедабад хотоос Их Британийн нийслэл Лондон чиглэлд хөөрсөн Air India компанийн зорчигч тээврийн онгоц хөөрөөд удаагүй байхдаа сүйрч, аймшигт осол болжээ. Онгоцонд нийт 242 хүн зорчиж явсан бөгөөд ослын газраас нэг л хүн амьд гарсан тухай Гужаратын эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Хиндустан Таймс сонинд мэдээлснээр, ослоос эсэн мэнд үлдсэн ганц хүн нь Их Британийн 40 настай иргэн Вишваш Кумар Рамеш бөгөөд одоогоор орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэрээр “Хөөрснөөс хойш гучин секундийн дараа чанга чимээ гарч, дараа нь онгоц сүйрсэн. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн” хэмээн ярьсныг тус сонин эш татжээ.
Осол болсон газар нь анагаахын коллежийн оюутны дотуур байрны орчим байсан бөгөөд онгоц өдрийн хамгийн халуун үед буюу үдийн цайны цагаар дотуур байрны дээрээс унасан байна. Ослын дараа Ахмедабад хотын цагдаагийн дарга Г.С.Малик 204 хүний цогцос олдоод байгааг, мөн онгоц суурьшлын бүсэд унасны улмаас иргэдийн амь эрсдэх магадлал өндөр байгааг онцолсон. Тэрээр “Барилга бол коллежийн дотуур байр. Бид ослын газрын 70-80 хувийг цэвэрлээд байна” гэж мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр онгоцонд 217 насанд хүрсэн хүн, 11 хүүхэд, хоёр нярай зорчиж явсан бөгөөд тэдний 169 нь Энэтхэгийн, 53 нь Их Британийн, долоо нь Португалын, нэг нь Канадын иргэн байжээ.
Энэтхэгийн Худалдааны танхимын агаарын тээвэр, аялал жуулчлалын хорооны дарга Субхаш Гоял “Агаарын хэт халалтын улмаас онгоцны дотоод эд ангиас гал гарсан байж болзошгүй. Турбины түлш маш их шатамхай байдаг. Онгоц үдээс хойш хөөрсөн нь осолд нөлөөлсөн байж магадгүй” хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Сүйрсэн онгоц нь Boeing 787-8 Dreamliner загварынх бөгөөд зорчигч тээврийн хамгийн орчин үеийн онгоцны тоонд багтдаг. Энэ нь 2011 онд ашиглалтад орсон Boeing 787-8 Dreamliner-ийн анхны осол болж байна. Осолдсон онгоц 2013 онд анх хөөрч, 2014 оны нэгдүгээр сард Air India компанийн бүртгэлд шилжжээ.
Boeing компани ослын шалтгааныг шалгахад туслахаа мэдэгдсэн бөгөөд Air India-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Ослын дараа Ахмедабад хотын олон улсын нисэх буудал бүх нислэгээ зогсоосон байна.
Энэтхэгийн агаарын тээврийн салбарт ийм ноцтой осол хамгийн сүүлд 2020 онд бүртгэгдэж байсан бөгөөд тухайн үед Air India Express компанийн онгоц Кожикоде хотын нисэх буудалд осолдож, 18 хүн амиа алдаж, 172 хүн амьд гарч байжээ.