Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар УИХ-ын чуулганы индрээс хийсэн анхны үгэндээ эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг ил тод хүлээн зөвшөөрч, төрийн зардлыг хэмнэх, бүтээмжтэй төрийн тогтолцоо бий болгох чиглэлд зоримог реформууд хийхээ мэдэгдлээ.
Тэрээр “Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангална” хэмээн онцолсон нь ирэх өдрүүдийн Засгийн газрын гол чиг шугам болохыг илтгэв. Эдийн засгийн өсөлт хоёр дахин буурч, нүүрсний экспорт тасалдаж, валютын ханш хэлбэлзэж, инфляц нэмэгдсэн энэ үед улс орныг тогтворжуулах цогц арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлага болсныг ч Ерөнхий сайд илэрхийлсэн юм.
Шинэ Засгийн газрын гол зорилтууд:
- 2025 оны төсөвт хэмнэлтийн тодотгол хийнэ.
Улс төрийн популизмд бус бодит байдалд тулгуурласан шийдлээр ажиллаж, төрийн бүтэц, зардлыг цомхотгож, бүтээмжтэй засаглалыг төлөвшүүлэхийг тэрбээр амлалаа. - Төрийн өмчит компаниудыг цөөлж, хувьчлалыг эрчимжүүлнэ.
Засгийн газрын үр ашиггүй байгууллагууд, чиг үүрэг давхардсан сангуудыг цэгцэлж, олон нийтийн хяналт бүхий нээлттэй, хариуцлагатай тогтолцоо руу шилжинэ гэж мэдэгдэв. - Татварын шударга тогтолцоог бүрдүүлж, хувийн хэвшлийг дэмжинэ.
Татварын бааз суурийг өргөжүүлж, шаталсан тогтолцоог нэвтрүүлэх, нийгмийн даатгалын реформ хийх бодлого баримтална. Төр хийх ёсгүй ажлыг хувийн хэвшилд шилжүүлж, бизнесийн орчныг сайжруулахаа ч онцоллоо. - Хүний хөгжлийг Засгийн газрын “мега төсөл” болгоно.
Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц шинэчлэл хийхээр зорьж, “хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт” гэсэн зарчмыг баримтлах болно гэв. - Авлигагүй, ил тод засаглалыг чухалчилна.
Ёс зүй, хариуцлага, шударга ёсыг Засгийн газрын үндсэн үнэт зүйлс хэмээн тодорхойлж, “үнэнээ хэлдэг, эзэнтэй хариуцлагын тогтолцоо”-г нэвтрүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд Занданшатар Засгийн газрын үйл ажиллагааг урт хугацааны, суурь шийдэлд төвлөрүүлж, улирлын чанартай дуулианд автахгүй ажиллахыг амлав. Түүнчлэн “Эвийг эрхэмлэдэг Засгийн газар” байх уриаг дэвшүүлж, улс төрийн талцал, популизмаас ангид бодлогын залгамж чанарыг хадгалах чиг баримтлалтай байгаагаа мэдэгдлээ.
Түүний хэлснээр, Монгол Улсын нэр хүндийг олон улсад улам бататгах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, “Цахим шилжилт”-ийг бүх шатанд урагшлуулах зэрэг зорилт мөн адил анхаарлын төвд байх аж.
Шинэ Ерөнхий сайдын үг “ард түмний халаасыг биш, төрийн хэтэвчийг хянаж эхэлье” гэсэн мессежийг өгч, бүтээмж, ёс зүй, хариуцлага хосолсон шинэ төрийн өнгө аясыг зарлаж байна.