Израиль болон Ираны хоорондох зэвсэгт сөргөлдөөн өчигдөр буюу Ням гарагт гурав дахь өдрөө үргэлжилж, бүс нутгийн нөхцөл байдал улам хурцдаж байна. Баасан гарагийн шөнө Израилийн нисэх хүчин Ираны цэргийн болон цөмийн байгууламжуудыг агаараас цохисноор энэ мөргөлдөөн эхэлсэн бөгөөд тэр орой нь Иран хариу болгон пуужингаар довтолж, Бямба гарагт хоёр тал ээлж дараалан агаараас харилцан цохилт хийсээр байв.
Ням гарагт Израилийн батлан хамгаалах хүчин Ираны төв болон баруун бүсүүдийг газар-газар ангиллын пуужингаар онилж, цохилт өгсөн байна. Энэ үеэр Тегеран хот дахь Гадаад хэргийн яамны барилга гэмтэж, хэд хэдэн хүн шархадсан тухай тус улсын гадаад хэргийн дэд сайд Саед Хатибзадех мэдээлжээ.
Мөн Ираны Хувьсгалт Гвардийн тагнуулын албаны дарга Мохаммад Каземи болон түүний орлогч нар Израилийн агаараас өгсөн цохилтын үеэр амь үрэгдсэн тухай эх сурвалжууд дамжуулсан байна.
Израилийн тал пуужин харвахаас өмнө Ираны иргэдэд анхааруулга хүргэж, зэр зэвсгийн үйлдвэрүүдийн ойр орчмоос хол байхыг сануулжээ. Ираны зүгээс ч мөн адил анхааруулга өгсөн бөгөөд Израилийн цэргийн болон судалгааны байгууламжуудын эргэн тойронд байхгүй байхыг иргэдэд уриалсан байна.
Үүний дараа Иран улс “Жинхэнэ амлалт 3” нэртэй цэргийн ажиллагаа эхлүүлж, Израилийн нутаг дэвсгэр рүү хэдэн зуугаар тоологдох баллистик пуужинг харвасан тухай тус улсын албан ёсны Мехр агентлаг мэдээллээ. Эдгээр пуужингийн цохилтод Израилийн хойд хэсгийн Хайфа хот болон өмнөд бүсийн Завдел суурин өртсөн байна.
Сүүлийн гурван өдрийн дотор Иран улс 224 хүний амь эрсэдсэнийг, 1,481 хүн гэмтэж бэртсэнийг тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн бөгөөд тэдгээрийн олонх нь энгийн иргэд байсан аж. Израилийн талд Ираны довтолгооны улмаас 14 хүн алагдаж, 380 хүн шархадсан болохыг холбогдох албаныхан мэдээлжээ.
Мөргөлдөөний цар хүрээ өргөжиж байгаатай холбогдуулан дэлхийн олон улс орон талуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг уриалсан юм. Тухайлбал, Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган хоёр улсыг дипломат хэлэлцээ эхлүүлэх замаар зөрчлийг шийдвэрлэхийг уриалжээ.