Сүүлийн 24 цагийн хугацаанд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн зарим нутгаар бороо орсон байна. Тухайлбал, Ховд аймагт усархаг бороо орсны улмаас хүн, мал үерт боогдон, онцгой байдлын албанд тусламж хүссэн дуудлага өгчээ.
Хэт хуурайшсан хөрсөнд усархаг бороо орсноор борооны ус газар нэвчихгүй шууд урсаж, богино хугацаанд үер үүсэх нөхцөл бүрдсэн байна.
Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн Өлгий даваанд зургаан зорчигчтой хоёр суудлын автомашин үерт боогдсон тохиолдол бүртгэгдсэн байна. 2025 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 16:25 цагт тусгай дуудлага өгөгдсөн бөгөөд Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид газар дээр нь очиж ажилласан байна. Үерийн усанд иргэн Н-ийн “Тоёота Пробокс”, иргэн А-ийн “Тоёота Приус 20” маркийн автомашин боогджээ.
Мөн тус аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт орших Хөхсэрхийн нуруунд өдрийн 13:00 цагийн орчимд орсон хүчтэй, түр зуурын аадар борооны улмаас нэг өрхийн 600 орчим бог мал үерт боогдсон байна. Уг тохиолдолд 22:25 цагт онцгой байдлын албанд дуудлага өгөгдөж, аврагчид шуурхай ажиллажээ. Тухайн үед иргэн Х-ийн 50 орчим бог мал усанд боогдсон байсан бөгөөд эдгээрийг аюулгүй газарт шилжүүлэхэд нэг цаг зарцуулсан байна.