Ж.Баясгалан: 2026 онд дулааны үнийг нэмэхээр инфляци өснө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ж.Баясгалан

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцсэн байна. Олонхи нь эдгээр хуулийн төслүүдийг «хэлэлцэх нь зүйтэй» гэж үзжээ.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувь байсан бол 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж буурсан талаар танилцуулгад дурдсан байна. Төсвийн нийт орлого 2025 оны эхний таван сард 11.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 хувь буурчээ. Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний үнэ 2025 оны эхний таван сарын байдлаар дунджаар 72 ам.доллар болж 40 орчим хувиар буурсан байна.

Ж.Баясгалан гишүүн хэлэлцүүлгийн үеэр инфляцийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар асууж, 2026 онд дулааны үнийг нэмэхээр инфляци өснө гэж анхааруулсан. Тэрээр, «Инфляци өмнөх оны мөн үеэс өсөхөд цахилгааны төлбөр, орон сууцны түрээс, хувцасны үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэж үзсэн. Хэрэглээний үнийн төвшинг төсөлд 2025 онд 9.5 хувь, 2026 онд 7 хувь гэж өөдрөгөөр төсөөлсөн байна. Гэтэл инфляци хоёр оронтой тоонд орж магадгүй гэж бизнес эрхлэгчид хэлж байна. Инфляцид нөлөөлөх эрсдлийг хэрхэн тооцсон юм бэ?» гэж асуусан.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл инфляцийг 2026 онд 8.2 хувь, 2027 онд 7.2 хувь, 2028 онд 6.9 хувь гэж төсөөлсөн байна. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг тооцоолох нь чухал хэмээн Ж.Баясгалан тэмдэглэлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт инфляци 9.5 хувиар тооцогдсон гэдгийг мэдээлээд, инфляцид нөлөөлж буй гол шалтгаанууд нь мөнгөний нийлүүлэлт, хэрэглээний зээлийн өсөлт, төсвийн тэлэлт, ханшийн сулрал зэрэг хүчин зүйлс байгааг дурдав.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, инфляцид эерэг нөлөө үзүүлэх арга хэмжээг хил гааль, тээвэр логистикийн байгууллагуудаас хэрэгжүүлж байгааг дурдсан. Тухайлбал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдүүлснээр махны үнийн инфляцийг бууруулах зорилгоор арга хэмжээ авч байгаагаа хэллээ.

Улмаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment