“Хаалга бүхэнд хүрч, хүүхэд бүрийг хамгаалъя”: Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт улс даяар эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт улс даяар эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улаанбурхан өвчний эрчимтэй тархалтад хариу арга хэмжээ авч, “Хаалга бүхэнд хүрч, хүүхэд бүрийг хамгаалъя” уриатай нөхөн дархлаажуулалтын өдөрлөгийг улс даяар эхлүүллээ. Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ-ын төлөөлөгчид оролцсон байна.

Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ:

“Монгол Улсын Засгийн газрын хувьд халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах нь нэн тэргүүний зорилт. Одоогоор улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж, дэгдэлтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Тиймээс нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх ажил хэрэгжиж байна. Вакцин бол айдас биш. Харин аюулыг сэргийлэх, гэр бүлээ хамгаалах хамгийн найдвартай арга” хэмээн онцлон тэмдэглэлээ.

2025 оны 6-р сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 10,721 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 71.1 хувь нь вакцинд хамрагдаагүй иргэд байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Иймд нөхөн дархлаажуулалтын хүрээнд улсын хэмжээнд 905 цэг (байнгын 560, явуулын 345) байгуулагдан, ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байна.

Сүүлийн томоохон дэгдэлт 2015–2016 онд гарч, нийт 53,737 тохиолдол бүртгэгдэж, 132 хүн нас барсан. Нас баралтын 90.7 хувь нь 0–1 насны хүүхдүүд байсан нь нэн эмзэг бүлэгт хамгаалалт зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. Тухайн үед нэмэлт дархлаажуулалтад 6 сартайгаас 5 настай хүүхдийн 95 хувь, 18–30 насны иргэдийн 88 хувь хамрагдсанаар дэгдэлтийг амжилттай хяналтдаа авсан түүхтэй.

Засгийн газар болон Улсын онцгой комисс улаанбурхан болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалт, тандалт, эрсдэлийн эрт илрүүлэлт зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэдийг эргэлзэлгүйгээр вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment