Тайландын Үндсэн хуулийн шүүхээс тус улсын Ерөнхий сайд Паэтонгтарн Шинаватрыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх шийдвэрийг өчигдөр гаргалаа. Уг шийдвэр нь Камбожийн Ерөнхий сайд асан Хун Сентэй хийсэн утасны ярианы бичлэг задарсантай холбоотойгоор гарчээ. Энэхүү бичлэгт Паэтонгтарн Хун Сенийг “авга ах” хэмээн хүндэтгэсэн атлаа өөрийн орны армийн командлагчийг шүүмжилсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн байна.
Маргаан үүсгэсэн энэхүү ярианы агуулгад хоёр улсын хил дээрх хурцадмал байдал, цэргийн мөргөлдөөний үеэр Камбожийн цэрэг амь үрэгдсэн асуудлыг хэлэлцсэн нь тодорхой байв. Тайван байдлыг хадгалах зорилготой байсан ч, түүний үг хэллэг, хандлага нь Тайландын иргэдийн зүгээс тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд харшилж байна гэх шүүмжлэл дагуулжээ.
Тайландын улс төрийн хүрээ ч мөн уг дуулианд хүчтэй хариу үзүүлсэн. Паэтонгтарны гол холбоотон улс төрийн нам эвслийн засгийн газраас гарч, улмаар Үндсэн хуулийн шүүхийн 7:2 саналын харьцаагаар түүнийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан байна. Ингэснээр тэрбээр өөрийгөө өмгөөлөх 15 хоногийн хугацаатай болж, уг хугацаанд байр сууриа баталж чадахгүй бол бүрэн эрхээ дутуу үлдээсэн гурав дахь Чинаватрагийн Ерөнхий сайд болох магадлалтай юм.
Түүний үүргийг түр хугацаанд шадар сайд гүйцэтгэж байгаа ч Паэтонгтарн уг шийдвэр гарсны өмнөхөн шинэ засгийн бүтэц баталж, соёлын сайдын албан тушаалд үлдэх боломжтой болжээ. Энэ нь түүнийг бүрмөсөн улс төрөөс хасагдах аюулыг хэсэгчлэн хойшлуулж байна.
Паэтонгтарн өчигдөр утсаар ярих болсон шалтгаанаа олон нийтэд тайлбарлахдаа: “Энэ бол 100 хувь улс орны төлөө хийсэн яриа байсан. Би хувийн ашиг сонирхлын үүднээс юу ч хийгээгүй. Зөрчлийг намжаах, хүний амийг аврахын төлөө л байсан” хэмээн мэдэгджээ.
Хэдий тийм боловч, түүний энэхүү мэдэгдэл нь олон нийтийн сэтгэл санааг тайвшруулж чадсангүй. Бичлэгийг анх Хун Сен улс төрийн хүрээндээ хаалттай танилцуулсан боловч хожим хэн нэгний зүгээс задруулсан нь тодорхой болжээ.
Түүхийг сөхвөл, Паэтонгтарны өмнөх Ерөнхий сайд Сретта Тависин ч мөн Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр огцорч байсан. Мөн түүний эцэг Таксин Шинаватра болон авга эгч Инглүк Шинаватра нар ч урьд өмнө төрийн тэргүүний албан тушаалаа хугацаанаас нь өмнө орхисон. Харин Паэтонгтарн бол Тайландын түүхэнд хамгийн залуу Ерөнхий сайд бөгөөд авга эгчийнхээ дараа төрсөн хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд юм.