Монгол Улсын Ерөнхий сайд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтын байдалд хяналт тавьж, вакцин хийлгээгүй сурагчдыг 2025 оны 9-р сард багтаан нөхөн дархлаажуулах, тэднийг сургууль, цэцэрлэгт шинээр элсүүлэхгүй байх чиглэлийг Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нарт үүрэг болголоо. Өөрөөр хэлбэл, хүүхэд тань вакцинд хамрагдаагүй тохиолдолд энэ намар сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжгүй гэсэн үг юм.
Энэхүү шийдвэр нь шинжлэх ухаанд тулгуурласан, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлогын арга хэмжээ боловч эцэг, эхчүүдийн дунд вакцины талаарх эргэлзээ, үл итгэх хандлага түгээмэл болсон нь санаа зовоож байна. Өмнө нь дархлаажуулалт нийгмийн нийтлэг үнэт зүйл байж, вакцин хийлгэхийн төлөө иргэд хүсэлт тавьдаг байсан бол сүүлийн жилүүдэд вакцин эсэргүүцэх үзэл илт нэмэгджээ.
Энэ үзэгдлийг судлахад, гадаад улс орнуудын мэдээллийн нөлөөлөл, үзэл суртлын довтолгоо Монголд хүчтэй орж ирсэн нь тодорхой болж байна. Зарим ажиглагчид энэ үзэл санаа нь Украины дайнтай давхцан орж ирсэн, Орос болон бусад улсуудаас чиглүүлэгтэйгээр нэвтэрч буй хортой үзэл суртал гэж үзэж байгаа юм. Монголын нийгэмд ураны эсрэг, уул уурхайн төслүүдийг гацаах, вакциныг үгүйсгэх зэрэг үзэл бодлууд огт холбоогүй мэт боловч цаанаа ижил зохион байгуулалттай, гадны санхүүжилттэй сүлжээ ажиллаж байж болзошгүй.
Тагнуул болон хууль хяналтын байгууллагууд вакциныг үгүйсгэгч хөдөлгөөнийг ажиглаж, зарим тохиолдолд тодорхой бүлэг хүмүүсийг шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд онцолж байна. Учир нь вакцин эсэргүүцэх нь дан ганц эрүүл мэндийн асуудал бус, төрийн бодлогын эсрэг зохион байгуулалттай үйлдэл болж хувираад байна.
Шинжлэх ухааны тайлбараар, вакцин гэдэг нь хүний дархлааны тогтолцоог тухайн халдварт өвчний эсрэг бэлэн байдалд оруулах био идэвхт бэлдмэл юм. Энэ нь таны хүүхэд халдварт өвчнөөр өвчлөх үед хурдан хариу урвал үзүүлж, хөнгөн өвчлөх эсвэл огт өвчлөхгүй байхад тусална. Вакцин хийлгэхгүй байх нь зөвхөн тухайн хүүхдэд төдийгүй нийт нийгэмд халдварын эрсдлийг нэмэгдүүлдэг.
Эцэг эхчүүдийн дунд вакциныг үгүйсгэх үзэл хүчтэй болоход боловсролын системийн алдаа, нийгмийн итгэлцлийн хомсдол нөлөөлж байгааг судлаачид дурджээ. 1990-ээд оны шилжилтийн үед боловсролоос хоцорсон, зах зээлийн сэтгэлгээгээр хүмүүжсэн нэгэн үеийн хүмүүс энэ үзлийг илүүтэй дэвэргэж байгаа талаар ч анхааруулж байна.
Эцэст нь хэлэхэд, төрөөс вакцин хийлгээгүй хүүхдийг сургуульд авахгүй байх шийдвэр гаргасан нь төрийн бодлогын хэрэгжилтэд саад учруулж буй зохион байгуулалттай үйлдлүүдийг хязгаарлах зорилготой. Энэ мэт уул уурхайн эсрэг тэмцэл, төрийн бодлого гуйвуулах оролдлогуудыг ч мөн зохих шатанд хянаж, хариуцлага тооцох ёстойг мэргэжилтнүүд онцолж байна.