Хэнтий аймагт орших “Өндөрхаан” нисэх буудлын шинэ цогцолбор өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж, орчин үеийн дэд бүтэцтэй олон улсын жишигт нийцсэн байгууламж болж сүндэрлэлээ.
Анх 1958 онд ЗХУ-ын нисэх отрядын суурин дээр байгуулагдаж, долоон ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан уг буудал энэ удаа шинэчлэгдэн сэргэж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын Засгийн газар болон Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн “Өндөрхаан нисэх буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн үр дүн бөгөөд нийт 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжигджээ.
Төслийг 2020 оноос эхлэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, өнөөдөр бүрэн дууссан байна. Шинэ нисэх буудал нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын 3С ангиллын техникийн шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд нэг удаад 50 зорчигч хүлээн авах хүчин чадалтай.
Одоогоор “Өндөрхаан” нисэх буудал нь ерөнхий зориулалтын нислэгүүдийг — тухайлбал онцгой, тусгай үүргийн болон аялал жуулчлалын захиалгат нислэгүүдийг — хүлээн авч байна. Ирээдүйд тогтмол орон нутгийн чиглэлд нислэг үйлдэх, чиглэлүүдээ нэмэгдүүлэх зорилготойгоор ажиллаж байгаа аж.