Table of Contents
Муур, нохой зэрэг тэжээвэр амьтад хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг гэх ойлголт өргөн тархсан ч сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаа энэхүү итгэл үнэмшлийг няцааж болзошгүй байна. Шинээр гарсан судалгааны үр дүнгээс үзэхэд, зарим тохиолдолд гэрийн амьтантай байх нь хүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай аж.
Эрдэм шинжилгээний ажилд оролцсон мэргэжилтнүүдийн зүгээс өмнөх судалгаануудын үр дүн нь тэжээвэр амьтдад дуртай, тэднийг анхнаасаа авч үздэг хүмүүсийн хариултад үндэслэсэн тул үр дүн гажуудсан байж болзошгүй гэж үзжээ. Үүнийг шалгахын тулд Унгарын судлаачид нас, хүйс, боловсролын түвшин болон оршин суугаа газрын ялгааг харгалзан, санамсаргүй байдлаар сонгогдсон 2783 оролцогчийг хамруулан судалгаа хийжээ.
Тахлын үеийн гурван үе шаттай судалгаа
2020 онд явуулсан уг судалгаа нь:
- Коронавируст цар тахлын талаарх хандлага
- Өөрийгөө тусгаарлах үеийн сэтгэл зүйн байдал
- Ганцаардал, стрессийг даван туулах механизмыг тодруулахад чиглэжээ
Түүнчлэн судалгаанд оролцогчид тэжээвэр амьтны эзэмшигч байх шаардлагагүй, амьтанд татагддаггүй хүмүүс ч байж болно гэдэг нь өмнөх судалгаанаас ялгарах онцлог байв.
Судалгааны хугацаанд:
- 65 хүн шинэ тэжээвэр амьтан (муур, нохой гэх мэт) авсан
- 75 хүн өмнөх тэжээвэр амьтнаа алдсан
Эерэг нөлөө түр зуурынх байв
Эрдэмтэд тэжээвэр амьтны нөлөө нь анхнаасаа амьдралын чанарыг сайжруулж, аз жаргал мэдрүүлнэ гэж таамаглаж байсан ч бодит үр дүн үүнтэй нийцсэнгүй. Анхны хэдэн сард баяр баясгалан, идэвх нэмэгдсэн ч 6 сарын дараагаас:
- Тайван байдал
- Сэтгэл ханамж
- Биеийн идэвхжил
… зэрэг үзүүлэлтүүд буурсан байна. Энэ уналт нохойтой хүмүүсийн дунд илүү тод ажиглагджээ.
“Ганцаардалд нөлөөлөөгүй нь гайхмаар”
Судалгааны багийн тэргүүн:
«Намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол гэрт тэжээвэр амьтан байгаа нь санал асуулгад оролцогчдын ганцаардалд огт нөлөөлөөгүй явдал байлаа. Нохой нь ганцаардлыг бууруулах арга гэж олонтаа сурталчлагддаг. Гэтэл бодит амьдрал дээр тэд шинэ эзэддээ илүү их санаа зовнил нэмсэн.»
“Гөлөгний дараах сэтгэл гутрал” — Шинэ нэр томьёо
Шинжлэх ухааны өмнөх бүтээлүүд ч мөн адил дүгнэлт хийж байжээ. Хельсинкийн их сургуулийн судлаачид “гөлөгний сэтгэлийн хямрал” гэх нэршлийг хэрэглэж, тэжээвэр амьтантай болсон зарим хүмүүс “төрсний дараах сэтгэл гутрал”-тай төстэй шинж тэмдгүүд илэрч байгааг тогтоосон байдаг.
Тэжээвэр амьтныг алдах нь бас төдийлөн нөлөөлсөнгүй
Түүврийн онцлогоос шалтгаалан судалгаанд оролцогчид өөрсдийн амьтандаа гүн гүнзгий холбоотой биш байж болох тул алдах үедээ тийм ч хүчтэй сэтгэл хөдлөл илрээгүй хэмээн судлаачид үзэж байна. Үүнээс гадна тахлын стресс, нийгмийн тодорхойгүй байдал нь голлон нөлөөлсөн байж болзошгүй аж.
Эрдэмтдийн дүгнэлт
“Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаа нь олон нийтийн дунд түгээмэл байдаг “гэрийн тэжээвэр амьтад хүнийг заавал аз жаргалтай болгодог” гэх ойлголтыг нягтлан үзэх хэрэгтэйг онцолж байна. Тэд:
- Амьтантай байх нь сайн талтай байж болох ч
- Гэнэтийн, бодлогогүй шийдвэр бол дарамт дагуулж болзошгүй
- Өмнөх судалгаанууд амьтанд дурлагчдын хязгаарлагдмал оролцоотой байснаас нөлөөг хэтрүүлсэн байх магадлалтай