Нийслэл Улаанбаатар хотод 2025 онд нийт 120 км инженерийн шугам сүлжээ шинээр угсарч буй нь урьд өмнө байгаагүй цар хүрээг хамарсан дэд бүтцийн ажлуудын нэг болж байна. Үүний хүрээнд 32 байршилд дулаан хангамжийн гол шугамуудыг шинэчлэх, үүнд 15 км орчим дулааны шугамыг солих ажил багтаж буй.
Эдгээр ажлын явцтай танилцахаар нийслэлийн Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан наадмын амралтын өдрүүдээр талбай дээр ажилласан байна.
Тухайлбал, Баянгол дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Энхтайвны өргөн чөлөөний урд тал, Хатанбаатар Магсаржавын гудамжны арын уулзвар, Жуковын урд хэсэг, Богд уулын арын зам зэрэг хөл хөдөлгөөн ихтэй бүсүүдэд авто замыг сэтэлж, дулааны 11 Г, Д гол магистрал шугамыг ф800 мм-ээс ф1000 мм болгон өргөтгөх ажлыг наадмын амралтаар буюу 7-р сарын 13–18-ны хооронд гүйцэтгэсэн байна. Улмаар авто замыг буцаан хучиж, хөдөлгөөнд нөлөөлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.
25 дугаар эмийн сангаас төмөр замын BSB цахилгаан барааны дэлгүүр хүртэлх уг шугамын өргөтгөлийн ажлыг “Энерго сервис монтаж” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Т. Пүрэвдорж хэлэхдээ:
“770 метр хос буюу нийт 1,540 метр ф800 мм-ийн шугамыг ф1000 мм болгож өргөтгөх ажлыг бид долдугаар сарын 13-18-нд багтаан дуусгалаа. Цаашид үргэлжлэх угсралтын ажил нь туннельтэй хэсэгт хийгдэх тул авто зам дахин сэтлэх шаардлагагүй. Бид 10 машин техник, 27 ажилтантай хоёр ээлжээр, ихэвчлэн шөнийн цагаар ажилласан. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Тээврийн цагдаагийн алба ажлын явцад хяналт тавьж ажилласан” хэмээжээ.
11 Г, Д нь Улаанбаатарын хамгийн чухал дулааны магистрал шугамуудын нэг бөгөөд 1984 оноос хойш 41 жилийн турш шинэчлэл хийгдээгүй. Хугацаа өнгөрөхийн хэрээр шугам дагуу байгууллагууд зөвшөөрөлгүй өргөтгөл хийснээс үүдэн угсралтын ажилд хүндрэл учруулсан ч уг асуудлыг шат шатны зөвшилцлөөр шийдэж байгаа тухай албаныхан мэдээлсэн байна.
Шинэчлэгдсэн шугам ашиглалтад орсноор хотын төв болон Төмөр замын орчмын дулаан хангамжийг 20 орчим хувиар нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ ажлыг богино хугацаанд, иргэдийн хөдөлгөөнд аль болох саад учруулахгүйгээр гүйцэтгэхийн тулд ихэнх ажлыг шөнийн цагаар хийж, амралтын өдрийг ч ашиглаж байгаа талаар холбогдох байгууллагууд тодотгожээ.