Тайландад буддын шашны лам нарын өдөр тутмын амьдрал ямар байдаг вэ? Өглөөний мөргөлийн дараа тэд сүм хийдээсээ гарч, сүсэгтнүүдийн өргөл барьцыг цуглуулах үүрэг хүлээдэг. Хоол хүнс, мөнгө төгрөг зэрэг юу ч өргөсөн байсан бүгдийг хийд рүүгээ авчирч, дараа нь хоол бэлтгэдэг.
Тайландын хүн амын 90 хувь нь буддын шашинтай учраас лам нарыг маш их хүндэлдэг бөгөөд тогтмол хандив өргөдөг. Тиймээс ард түмэн лам нарын эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж, санаа зовнидог байна. Учир нь сүүлийн үед лам нар хэт таргалж эхэлжээ.
Энэ улсад нийт 349 мянган лам байдгийн талаас илүү хувь нь илүүдэл жинтэй байгаа аж. Энэ бүхэн тэдний амьдралын хэв маягаас шууд шалтгаалж байна. Лам нар өглөө маш эрт босдог. Тэднийг 12:00 цагаас хойш хоол идэхийг хориглодог тул 06:00-аас 12:00 цагийн хооронд ердөө нэгээс хоёр удаа хооллодог. Сүсэгтнүүд маш олон төрлийн хоол өгдөг учраас хоолны цэсээ хянахад хүндрэлтэй байдаг. Өдөр бүр сүсэгтнүүдийн өгсөн хүнснээс хоол нь шалтгаална. Хүмүүс гэртээ хийсэн хоолоо авчирдаг тул илчлэг ихтэй байх нь элбэг. Мэдээж лам багш нартаа хамгийн амттай хоолоо өргөдөг учраас сүсэгтнүүдийн буруу гэх зүйл байхгүй.
Харин лам нар илүүдэл жингээсээ болж чихрийн шижин, өндөр даралт, хараа муудах, үе мөчний өвчин зэрэг олон өвчтэй болж байна. Ихэнх лам нар багаасаа хийдэд шавилан суусан тул эрүүл мэндийн мэдлэг, боловсрол дутмаг байдаг. Нэг удаа хийдэд үзлэг хийсэн эмч нар маш олон лам чихрийн шижингээс болж хөлийн хуруугаа тайруулсан байхыг хараад шоконд оржээ. Харин тэд чихрийн шижин гэж юу болохыг ч мэдэхгүй байсан аж.
Үдээс хойш Тайландын лам нар хоол идэх хориотой ч ундаа ууж болдог. Одоо лам нар бүгд хийжүүлсэн ундаанд донтох болсон гэнэ. Өмнө нь цай, ус уудаг байсан бол сүүлийн үед лаазтай ундааг илүүд үзэх болжээ. Дээр нь лам нарт спортоор хичээллэхийг хориглодог тул өөхөө шатаах аргагүй байна.
Эмч нар түгшүүр зарлаж, хийдүүдэд хийжүүлсэн ундааны хор хөнөөлийг ухуулан таниулах ажил эхлүүлжээ. Мөн лам нарт ямар хоол идэж болох, ямрыг болохгүйг мэргэжилтнүүд зааж өгөх цаг болсон гэж үзэж байна. Зарим хүмүүс лам нарт хийжүүлсэн ундаа зарахыг хориглосон хууль гаргах хэрэгтэй гэж ярьж эхэлжээ.

