Ким Жон Унгийн дүү Өмнөд Солонгостой яриа хэлэлцээ хийх сонирхолгүй байгаагаа мэдэгдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ким Жон Унгийн дүү Өмнөд Солонгостой яриа хэлэлцээ хийх сонирхолгүй байгаагаа мэдэгдлээ

Хоёр Солонгосын харилцаанд ээлжит сорилт тулгарлаа. Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү, эрх баригч намын төв хорооны дэд дарга Ким Ёо Жон Сөүлтэй ямар ч хэлэлцээр эхлүүлэх хүсэлгүй байгаагаа ил тод мэдэгдлээ. Түүний хэлсэн үгийг Солонгосын Төв Мэдээний Агентлаг 2025 оны долдугаар сарын 28-нд нийтэлжээ.

Хатуу байр суурь илэрхийллээ

Ким Ёо Жон “Сөүлтэй бодлого болон саналаа хуваалцах, хэлэлцээний ширээнд суух ямар ч сонирхол Умард Солонгост байхгүй” хэмээн мэдэгдсэн нь Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч И Жэ Мюний засаг захиргаанд илгээсэн анхны албан ёсны хариу боллоо.

Тэрээр И Жэ Мюнийг өмнөх Ерөнхийлөгчдөөс огт ялгарахгүй хэмээн дүгнэж, АНУ-тай эвслийг нь шүүмжилсэн байна. “Өмнөд Солонгосын эрх баригчид бидэнтэй сөргөлдөх бодлогоосоо татгалзаагүй байгаа нь 50 хоногийн турш ил тод харагдлаа” гэж тэр онцолжээ.

“Нэгтгэх яамыг тараах ёстой”

Ким Ёо Жон мөн Сөүл дэх Хоёр Солонгосыг нэгтгэх асуудал эрхэлсэн яамны тухайд байр сууриа илэрхийлж, уг байгууллагыг “уусган нэгтгэх хорон санаа агуулсан” хэмээн буруутгасан бөгөөд ийм шалтгаанаар тараах ёстой гэж мэдэгджээ.

АПЕК-ийн саналд хариу болов

Ирэх аравдугаар сард Гёнжү хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад Ким Жон Уныг урих тухай Өмнөд Солонгосын санаачилгыг Ким Ёо Жон “инээдтэй төөрөгдөл” хэмээн шүүмжилсэн байна. Тус уулзалт хоёр орны харилцаанд шинэ гарц нээх боломж гэж Сөүл үзэж байсан ч Пёньяны хариу хүйтэн хандсаныг энэхүү мэдэгдэл баталж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment