БЭЭЖИН — 2025 оны долдугаар сарын 29. Усархаг аадар борооны улмаас Бээжин хотод үүссэн үерийн нөхцөл байдлын улмаас 80,332 иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлсэн талаар Хятадын төв телевиз мэдээлэв.
Хамгийн их хүн ам нүүлгэн шилжүүлсэн дүүргүүд нь нийслэлийн хойд хэсгийн Миюнь, Хуайжөү, баруун өмнөдийн Фаншань бөгөөд эдгээр газар нутгуудад бороо эрчимтэй орсон байна. Өмнөх мэдээллээр үерийн улмаас 30 хүн амь үрэгдсэний 28 нь Миюньд, хоёр нь Яньцин дүүрэгт байсан гэжээ.
Үүссэн хохирлыг бууруулах, сэргээн босгох зорилгоор Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо Бээжинд 200 сая юань (ойролцоогоор 27.8 сая ам.доллар) төсөвлөсөн байна. Хятадын дарга Ши Жиньпин байгалийн гамшгийн үр дагаврыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг төрийн байгууллагуудад үүрэг болгожээ.
Хотын захиргаанаас авсан хамгийн өндөр түвшний онцгой хариу арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн ба мягмар гарагийн 10:00 цаг хүртэл хүчтэй бороо үргэлжлэх төлөвтэй байгаа талаар анхааруулжээ.
Бээжингийн зүүн хойд хэсэгт орших Миюнь дүүргийн Чаобай голын сав газарт долдугаар сарын 24-нөөс хойш бороо тасралтгүй орсны улмаас усны түвшин огцом нэмэгдэж, сүүлийн 60 жилийн дээд хэмжээнд хүрсэн тухай «Синьхуа» агентлаг өмнө нь мэдээлсэн байна.
Хотын эрх баригчид иргэдэд хандан голын эрэг орчмоор зорчихоос татгалзаж, зайлшгүй шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалсан байна.
Сануулахад, Бээжинд 2023 оны долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр орсон аадар борооны үеэр 11 хүн амь насаа алдаж, 13 дүүрэгт 44 мянга гаруй хүн хохирол амсаж, хэдэн зуун мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж байжээ.