Монгол, Вьетнам хоёр улс авлига, хар тамхи болон албан тушаалын гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Монгол, Вьетнам хоёр улс авлига, хар тамхи болон албан тушаалын гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газрын Ерөнхий прокурор Нгуен Хуй Тяныг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр орны хууль сахиулах байгууллагууд авлига, албан тушаалын гэмт хэрэг, хар тамхи болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон тухайгаа илэрхийллээ.

Хоёр улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байгаа бөгөөд 2024 оны гуравдугаар сараас эхлэн дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэ нь хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлж, 2025 оны эхний таван сарын байдлаар Монгол Улсаас Вьетнам руу зорчсон иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 64 хувиар өсөж, 20 мянгад хүрсэн байна.

Түүнчлэн одоогийн байдлаар Вьетнамын 800 орчим иргэн Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа бөгөөд Ерөнхий прокурор Нгуен Хуй Тян тэдэнд цаашид илүү таатай нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд Вьетнамд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын эрх бүхий байгууллагуудын хооронд байгуулсан “Үндэстэн дамнасан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг онцлон дурдаж, уг баримт бичиг нь хоёр орны хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн чухал алхам болсныг тэмдэглэлээ.

Ерөнхий прокурорын албан ёсны айлчлалын хүрээнд хоёр улсын прокурорын байгууллагууд 2026–2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын төгсгөлд хоёр орны хамтын ажиллагааг орчин цагийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, ялангуяа хууль сахиулах салбарын уялдаа холбоог бэхжүүлэхэд Засгийн газар бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment