Цахим детокс: Ухаалаг утсаа гурав хоног хэрэглэхгүй бол хүн юу мэдэрдэг вэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Цахим детокс: Ухаалаг утсаа гурав хоног хэрэглэхгүй бол хүн юу мэдэрдэг вэ?

Өнөө үед бид бүгд — сурагчдаас ахмад настнууд хүртэл — ухаалаг утсанд гүнзгий хамааралтай болсон. Харин энэхүү дижитал хамаарлаас ангижрах боломж бодитой юу? Элла Дав хэмээх сэтгүүлч өөр дээрээ туршиж үзэн, гурван өдрийн турш утсаа унтраасан туршлагаасаа хуваалцжээ.


Ухаалаг утас харилцаанд хэрхэн саад болдог вэ

Дэлхий дахинд хийсэн судалгаагаар нэгэн хүн өдөрт дунджаар 2617 удаа утсаа товшиж, шалгаж, гүйлгэж байдаг нь харамсалтай хэдий ч үнэн бодит тоо юм. Цаашилбал, 87% хүн унтахаасаа өмнө болон сэрэнгүүтээ утсаа шалгадаг гэсэн байна. Хүүхдүүд ч үүнээс ангид бус — 12 нас хүрээгүй хүүхдүүдийн 97% нь аль хэдийн ухаалаг утас эзэмшдэг болжээ.

Утсаа байнга оролдож буй хандлага зөвхөн залуу үед хязгаарлагдахгүй. Харин ч олон насны бүлэгт түгээмэл болсон бөгөөд энэ нь бидний нойр, ой санамж, бие махбод, сэтгэл зүй, найз нөхөд, хайртай хүмүүсийн харилцаанд ноцтой нөлөөлдөг байна.

Харилцааны сэтгэл засалч Кейт Мойл хэлэхдээ, “Утсаа голчилж анхаарал хандуулах нь хамт байгаа хүнээ үл тоомсорлож байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Энэ нь үнэлэмж, ач холбогдлын мэдрэмжийг багасгадаг бөгөөд харилцаанд сөрөг үр дагавартай.”

Хэрэв та өглөөгөө орон дотроосоо утсаа авч, орой нь ч түүнийгээ тэврэн унтдаг бол — энэ нь хайртай хүнтэйгээ халуун дулаан харилцаа тогтоох боломжийг хааж байдаг гэж тэр нэмжээ. Харин өөрийн амьд харилцаанд анхаарч, утсаа тавих нь стрессийн даавар болох кортизолыг 21%-иар бууруулж чаддаг байна.


Бодит ертөнцөд илүү орших нь

Элла Дав туршилтын хоёр дахь өдөр нохойтойгоо удаан салхинд гарч, нөхөртэйгөө хамт пабд хооллож, дараа нь оройн цагаар ном уншиж, ширээний тоглоом тоглон цагийг хамт өнгөрүүлсэн нь ер бусын мэдрэмж төрүүлжээ. Өмнө нь ийм зүйлийг хийдэггүй байсан тэрээр утасгүйгээр цагийг өнгөрүүлэхэд дотно байдал нэмэгдэж байгааг анзаарсан байна.

Кейт Мойл мөн ухаалаг утсаа хэрэглэхэд тодорхой хязгаар тогтоохыг зөвлөж байна. Жишээлбэл, хоолны үеэр утсаа ширээн дээр тавихгүй байх, долоо хоногт нэг удаа 20:00 цагаас хойш өөр өрөөнд тавих, эсвэл орондоо орохоос 30 минутын өмнө “бүү саад бол” горимд шилжүүлэх нь харилцаанд эерэг нөлөө үзүүлдэг.


Цахим детоксийн ашиг тус

Гурав дахь өдөр тэрээр улам тайвширч, утасгүй байх нь нэг төрлийн эрх чөлөө мэт мэдрэгдэж байжээ. Зургаа дарж, мессежинд хариу бичих шаардлагагүй болсон тул тухайн мөчөө илүү их мэдэрч, өөртөө төвлөрөх боломж бүрдсэн байна. Харин утсаа асаах мөчид тэрээр гүнзгий амьсгаа авч, мессеж, мэдэгдлийн урсгалыг сэтгэлзүйн хувьд тэсвэрлэхэд бэлтгэх хэрэгтэй болсон гэнэ.

Гэсэн ч энэ гурван өдрийн туршлага түүнд гүн гүнзгий ойлголт авчирсан байна. Одоо Элла ресторан дээр утсаа гаргаж тавихаа больсон, оройн цагаар утсаа унтрааж унтдаг болжээ. Тэрээр шинэ мэдрэмжийг илүү гүн хүлээж авч, унтахын өмнө ном унших, нөхөртэйгөө ярилцах цагийг эрхэмлэж сурах болсон байна.


Ухаалаг утасны хамаарлыг багасгах аргууд

  • Утсыг сэрүүлэг болгон ашиглахаа боль. Унтлагын өрөөнд утсаа авч орохгүй байх нь анхаарлыг тарамдуулахгүй байхад тусална.
  • Цахимгүй алхалт хий. Боломжтой бол утсаа гэртээ орхин гарч, богино хугацаанд ч болтугай хол байхыг хичээ.
  • Экран ашиглалтыг шалгаж сур. Утасны тохиргоон дахь «Screen Time» буюу «Цагийн хязгаарлалт» хэсгээр ямар аппликейшн дээр хамгийн их цаг зарцуулж байгаагаа хянаж болно.
  • Апп-д хязгаар тогтоох. Android дээр апп-аа сонгож “таймер тохируулах” товчийг дарснаар өдөрт хэдэн минут ашиглахыг хязгаарлаж болно.
  • Мэдэгдлийг идэвхгүй болго. Спам болон түргэн сатааруулдаг push мэдэгдлүүдийг унтраах нь анхаарлаа төвлөрүүлэхэд ихээхэн тустай.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment