Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA) 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн чансааны жагсаалтыг 2025 оны долдугаар сарын 31-ний байдлаар шинэчилж, нийтэлжээ. Энэхүү шинэчилсэн чансаагаар Монгол Улсын үндэсний шигшээ баг 1,372,617 оноотойгоор дэлхийн ес, Азийн тивдээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
Эрэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд 2,884,984 оноотойгоор дэлхийд 10-д, Азид тэргүүлж байгаа бол чансааны эхний байруудад Серби болон АНУ-ын шигшээ багууд бичигджээ.
Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг Нидерландын баг тэргүүлсээр байгаа бол Испани, Хятадын шигшээ багууд хоёр, гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна. Монголын эмэгтэй шигшээ баг 653,063 оноогоор дэлхийд 10, Азид хоёрдугаарт жагсжээ. Тус баг нь ДАШТ-ий мөнгөн медалийн эзэд билээ.
Залуучуудын ангилалд Монголын эрэгтэй шигшээ дэлхийд гуравдугаарт, эмэгтэй шигшээ 10-д бичигдэж байгаа нь ирээдүйтэй өсвөрийн тоглогчид бий гэдгийг харуулж байна.
Түүнчлэн энэ сард эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээнүүд үргэлжлэх бөгөөд “Улаанбаатар Амазонс” баг Францын Бордо хотод энэ сарын 20-21-нд болох тэмцээнд оролцохоор төлөвлөгдсөн. Харин “Улаанбаатар ММС Энержи” баг Канадын Эдмонтон хотод наймдугаар сарын 2-3-нд болох тэмцээнд хүч үзэх юм.