Нидерланд АНУ-аас Украинд зориулсан зэвсэг худалдан авсан анхны улс боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Нидерланд АНУ-аас Украинд зориулсан зэвсэг худалдан авсан анхны улс боллоо

АНУ-ын зэвсгийн нөөцөөс Украинд зориулан зэвсэг, техник худалдан авах PURL (Prioritized Ukraine Requirements List) хэмээх шинэ механизмыг анхлан ашигласан улс нь Нидерланд болжээ. Тус улсын батлан хамгаалахын сайд Рубен Брекелмансын мэдээлснээр Нидерланд эхний ээлжид 500 сая еврогийн зэвсэг, байлдааны техник захиалаад байна.

PURL нь АНУ-ын нөөцөөс Украинд шаардлагатай зэвсэг, хэрэгслийг түргэн шуурхай худалдан авах боломжийг холбоотнууддаа олгож буй шинэ тогтолцоо бөгөөд энэ механизмыг өнгөрсөн сард Ерөнхийлөгч Дональд Трамп болон НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нар хамтран хэрэгжүүлж эхэлсэн юм.

Нидерландын ерөнхий сайд Дик Шуфтай утсаар холбогдсон Ерөнхийлөгч Володимир Зеленский уг дэмжлэгт гүн талархал илэрхийлсэн байна. Худалдан авсан зэвсгийн багцад “Patriot” пуужингийн системийн бүрэлдэхүүн хэсгүүд болон фронтын шугамд хэрэгцээтэй бусад зэвсэг, техник багтсан аж.

Рубен Брекелманс мэдэгдэлдээ:

“Америкийн нөөцөөс байлдааны техник нийлүүлэх ажлыг Нидерланд улс тэргүүлэн эхлүүлж байна. Украиныг тууштай дэмжсэнээр бид Оросыг яриа хэлэлцээнд шилжих дарамт шахалтыг нэмэгдүүлэх юм” гэж онцлон тэмдэглэсэн.

Мөн тэрбээр Оросын өдөр тутмын агаарын довтолгоог “цэвэр терроризм” гэж нэрлээд, Украинд эзлэн түрэмгийллийг өргөжүүлснээр НАТО-гийн бүс нутгийн аюул ч нэмэгдэж байна гэж анхааруулжээ.

АНУ PURL-ийн хүрээнд 500 сая ам.долларын зэвсэг техникийн тусламжийг Украинд үзүүлэхээр болоод буй бөгөөд анхны гишүүн орон нь Нидерланд болж байна. Үүнээс өмнө тус улс F-16 сөнөөгч онгоц, танк, дрон, сум зэрэг олон төрлийн тусламж үзүүлж, Украины нисгэгчдийг ч сургасан юм.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте энэхүү үйл явдлыг онцлон сайшааж, дараах мэдэгдлийг хийсэн байна:

“Украинд илгээх АНУ-ын байлдааны техник хэрэгслийн анхны багцыг Нидерланд улс санхүүжүүлж байгааг харахад үнэхээр сайхан байна. Оросын түрэмгийллийг няцаахад Украинд нэн шаардлагатай байгаа зэвсэг техникийг санхүүжүүлж буй холбоотнууддаа би талархаж байна” гэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment