В.Зеленский АНУ-ын ерөнхийлөгчтэй стратегийн чухал яриа хийжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
В.Зеленский АНУ-ын ерөнхийлөгчтэй стратегийн чухал яриа хийжээ

Украины ерөнхийлөгч В. Зеленский мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Д. Трамптай утсаар ярилцсан бөгөөд энэ удаагийн яриа «баялаг үр дүнтэй» байсан гэж онцолсон байна. Тус яриа нь Орос-Украины мөргөлдөөн зогсоох тал дээр хоёр орны байр суурийг тохируулахад чиглэжээ.

В. Зеленский Д. Трамптай Украины эсрэг Оросын түрэмгийлэл, дайны нөхцөл байдлын талаар санал солилцсон бөгөөд Европын орнууд Оросын эсрэг хамтарсан хориг арга хэмжээ авах талаар хэлэлцжээ. Түүнчлэн, Нидерланд, Швед, Норвеги, Дани зэрэг Скандинавын орнууд Украины аюулгүй байдлыг хангах үүднээс 1 тэрбум ам.долларын санхүүжилт гаргаж, Украины армийг Америкийн зэвсгээр хангахаар шийдвэрлэсэн байна.

Мягмар гарагт Норвегийн засгийн газар, Швед, Дани улсууд Украинд 500 сая ам.долларын зэвсгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасан бөгөөд энэ нь НАТО болон АНУ-ын Украинд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг юм. Норвеги улс тус санхүүжилтийн 135 сая ам.долларыг дангаараа гаргаж байгаа ажээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д. Трамп, Украинд үзүүлэх цэргийн тусламжийг Европын холбооны орнууд хариуцна хэмээн олон удаа мэдэгдэж байсан. Үүний хүрээнд Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхийг сайжруулахад «Патриот» систем болон уг системийн пуужингуудаар хангах талаар ярилцжээ. Украин улс агаарын довтолгооны бай болж байгаа тул энэ хамгаалалт нь нэн шаардлагатай.

Түүнчлэн, В.Зеленский АНУ-Украины батлан хамгаалах хамтын ажиллагааны талаар Трамптай ярилцаж, дроны салбарт хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулан, АНУ-тай гарын үсэг зурахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment