Чэндү хотноо дэлхийн спортын наадам албан ёсоор эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Чэндү хотноо дэлхийн спортын наадам албан ёсоор эхэллээ

2025 оны наймдугаар сарын 8-ны орой БНХАУ-ын Сычуань мужийн төв Чэндү хотод Дэлхийн 12 дугаар спортын наадам албан ёсоор эхэлснийг тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн Шэнь Ичин зарлаж, спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Нээлтийн ёслолын ажиллагаа Ази тивдээ хамгийн томд тооцогдох, модон бүтээц бүхий 430 метр урт “Tianfu Roof” байгууламжид зохион байгуулагдсан бөгөөд 10 мянга гаруй үзэгч оролцжээ. Тус арга хэмжээнд Олон улсын дэлхийн спортын наадмын холбооны тэргүүн Хосе Перурена, Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ли Линвэй нар оролцсон нь арга хэмжээнд олон улсын чансааг илтгэж байлаа.

Нээлтийн оргил мөч бол Хятадын усан цанын тамирчид Сюй Лу, Алу Шиаобо нар тэмцээний галт бамбарыг барин усан дээгүүр гулгаж, дараа нь усны урсгал хэлбэртэй наадмын тогоог асаасан үйл явдал байв. Тогоо асаах мөчид олон өнгийн салют тэнгэрт буудуулж, ёслолын уур амьсгалыг илүү сүр жавхлантай болгожээ.

“Хил хязгааргүй спорт, тоо томшгүй гайхамшиг” уриан дор явагдаж буй энэ удаагийн наадам наймдугаар сарын 7-17-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд Хятадын эх газарт анх удаа болж байгаагаараа онцлог юм. Чэндү хот нь 2023 онд Дэлхийн оюутны универсиад наадмыг амжилттай зохион байгуулсны дараа дэлхийн спортын наадмыг хүлээн авч байгаа нь тус хотын спортын дэд бүтцийн чадавх, туршлагыг харуулж байна.

Энэ удаагийн тэмцээн нь түүхэндээ хамгийн олон оролцогчтой болж буйгаараа онцгой. Дэлхийн 116 улс орон, бүс нутгаас нийт 6679 оролцогч, тэдгээрээс 3942 тамирчин спортын 34 төрлийн 256 тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Хятад улс тэмцээний түүхэнд хамгийн том бүрэлдэхүүнээ илгээж, 321 тамирчин бүхий 489 гишүүнтэй баг оролцуулжээ.

ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Кирсти Ковентри дүрс бичлэгээр дамжуулан тэмцээнд оролцогч тамирчид, албаныхан болон зохион байгуулагчдад мэндчилгээ дэвшүүлж, Хятадын зүгээс үзүүлж буй мэргэжлийн зохион байгуулалт, зочломтгой хандлагад гүн талархал илэрхийллээ.

Мөн Хосе Перурена хэлэхдээ: “Чэндү хот хүлээлтээс давсан гайхамшигтай зохион байгуулалттай байлаа. Та бүхний алсын хараа, тууштай зүтгэлд талархаж байна” хэмээн онцолжээ. Наадмыг зохион байгуулахад зориулан шинэ байгууламж бариагүй, харин 2023 оны Универсиадын барилгуудыг шинэчлэн ашиглаж буй нь байгальд ээлтэй, хэмнэлттэй шийдэл болсон байна.

734698b8134f8ce75fafd4f00a97bcd4
cbea6429bb2b20a7c15d38e46426aa7c

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment