Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокыг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокыг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна

Эрчим хүчний дутагдлыг нөхөх шийдвэрлэх төсөл

Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш Улаанбаатар хотын эрчим хүчний томоохон төслүүдийг түргэвчлэхэд онцгойлон анхаарч байгаа. Түүний нэг чухал хэсэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц бөгөөд уг төслийг “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтад багтааж танилцуулжээ.

Улаанбаатар хот улсын нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар хангадаг. 2023-2024 оны өвөл нийслэлийн эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсон ч дараа жил нь буюу 2024-2025 онд нөхөж чадсан. Энэ алдагдлыг нөхөхөд Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай I блок чухал үүрэг гүйцэтгэсэн.

Эхний блокийн үр дүн

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг 2011 онд эхлүүлсэн ч олон жил гацсан байсан. Харин Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүнээс 300 тэрбум төгрөгийг тус төсөлд зориулсан нь ажлыг эрчимжүүлжээ. Ингэснээр эхний блок 2024 оны аравдугаар сард ашиглалтад орж, арванхоёрдугаар сараас төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон юм.

Наймдугаар сарын байдлаар станц хоногийн дундаж 140 МВт ачаалалтай ажиллаж, өнөөг хүртэл нийтдээ 600 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн системд нийлүүлээд байна.

II блокын бүтээн байгуулалт

Эхний блокийг ашиглалтад оруулснаас хойш II блокийн ажил шуурхай эхэлсэн. 150 МВт хүчин чадалтай II блокийн барилга угсралтын ажил энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд дуусахаар төлөвлөгдсөн бөгөөд ажлууд хуваарийн дагуу сааталгүй үргэлжилж байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц Төв аймгийн Баянжаргалан суманд, нийслэлээс 120 км зайд, нутгийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн баригдаж байгаа. Төслийн хүрээнд нийт дөрвөн блок бүхий 600 МВт хүчин чадалтай станц бүрэн ашиглалтад орох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй