Table of Contents
Халдлагын үеэр гурван цагдаа нас барж, хоёр нь хүнд гэмтэв
АНУ-ын Пенсильвань мужид энэ сарын 18-ны Лхагва гарагт болсон буудалцааны улмаас гурван цагдаа амь үрэгдэж, хоёр цагдаа хүндээр шархджээ. Цагдаа нар дотоодын мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа халдлагад өртсөн байна.
Пенсильвань мужийн Цагдаагийн газрын комиссар, хурандаа Кристофер Парисын мэдээлснээр “Цагдаа нар луу гал нээсэн этгээдийг буудаж, хөнөөсөн” бөгөөд амьд үлдсэн хоёр цагдаа эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа ажээ.
Хот даяар хамгаалалт чангатгаж, сургуулийн үйл ажиллагааг зогсоов
Халдлага орон нутгийн цагаар 14:00 цагийн үед өрнөсөн байна. Үүний дараа Пенсильвань мужийн Спринг Гроув хотын (2500 орчим хүн амтай) сургуулийн бүсийг хамгаалалтад авч, хичээлийг түр хугацаагаар зогсоожээ. Сургуулийн захиргаанаас мэдэгдсэнээр сурагчид халдлагад өртөөгүй бөгөөд ямар нэг аюул учраагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Албаны хүмүүсийн мэдээлснээр цагдаа нар уг газарт өмнөх өдрөөс эхэлсэн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд байрлаж байсан бөгөөд хэрэг одоогоор мөрдөн шалгагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл хараахан өгөөгүй байна.
Мужийн захирагч гашуудал зарлажээ
Пенсильвань мужийн захирагч Жош Шапиро хэргийн газарт очиж, амиа алдсан цагдаа нарын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд тус мужийн төрийн байгууллагууд болон нийтийн эзэмшлийн газруудад байрлах төрийн далбааг хүндэтгэлийн журмаар буулгах тушаал гаргасан байна.