Ютүб контент бүтээгч Б.Түшиг саяхан “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” нэртэй номоо хэвлүүлж, өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “Номын баяр”-т худалдаалжээ.
Ном худалдаж авсан уншигчдын нэг нь уг бүтээлийг өөрөө бичээгүй, хиймэл оюун ухаан ашиглаж “ChatGPT”-ээр бичүүлсэн гэх шүүмжлэл гаргасан байна. Энэ нь олон нийтийн дунд маргаан дагуулжээ.
Б.Түшигийн тайлбар
Тэрбээр өөрийн байр сууриа илэрхийлэхдээ:
- “Зөв бичгийн дүрэм, зарим фактыг шалгаж, нэмэлтээр баяжуулсан. Би мөнгө олохын тулд ном гаргаагүй” гэж мэдэгджээ.
- Мөн “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа: “Залуучуудын дунд хамгийн эргэлзээтэй, чухал сонголт бол мэргэжил сонголт байдаг. Энэ тухай асуулт ч надад их ирдэг. 6–7 жилийн өмнөөс энэ төрлийн контент хийж байсан. Залуучууддаа мэргэжил сонголтын чухлыг ойлгуулах үүднээс энэ номоо бичсэн. Миний хувийн туршлага 20–30 хувь. Харин бусдыг нь надаас илүү туршлагатай хүмүүсийн хэлсэн, бичсэн зүйлсээс түүвэрлэж оруулсан. Ном эрэлттэй байна, эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж их ирж байна” гэжээ.
Ийнхүү Б.Түшиг номынхоо дийлэнх хэсгийг бусдын туршлага, контент, материалуудаас түүвэрлэн ашигласан бөгөөд өөрийн бичсэн агуулга нь ердөө 30 хувь болохыг өөрөө тодотголоо. Мөн ном бичих явцдаа хиймэл оюун ухааныг ашигласан нь тодорхой болов.